ЭРҮҮЛ МЭНД

III төв эмнэлэг зүрхний хавхлаг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологи нутагшуулж байна

Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ зүрхний хавхлаг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологи нутагшуулж байна.

Тус эмнэлэг 2012 оноос Люксембургийн Зүрхний Мэс Засал ба Интервэншнл Кардиологийн Институттэй хамтран аюулгүй мэс заслын орчин бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд хүүхэд болон насанд хүрэгсдийн зүрхний нээлттэй мэс засал, мэдээгүйжүүлгийн үеийн өндөр үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжүүдийг үе шаттай нэвтрүүлэн, техник технологийн чадавхийг сайжруулж, эмч эмнэлгийн үндэсний багийг чадавхижуулах ажлын байрны мэс засал-сургалтыг тасралтгүй зохион байгуулж ирсэн юм. Энэ үйл ажиллагааны үр дүнд тус эмнэлгийн зүрхний мэс заслын нийт мэс заслын тоо, ялангуяа өндөр ур чадвар шаардсан зүрхний мэс заслын тоо болон чанар жил бүр дорвитой ахиж байгаа бөгөөд дотоодын багийн залуу мэс засалчдын ур чадвар, бие даан мэс засал хийсэн байдал сүүлийн жилүүдэд 50 гаруй хувиар нэмэгдсэн болно.  

Энэ удаа тус эмнэлэгт есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа сургалт-мэс заслын үеэр Люксембургийн Зүрхний Мэс заслын зочин профессорын багтай хамтарсан нарийвчилсан үзлэг оношилгоог 20 гаруй хүнд хийж, үүнээс 6 тохиолдолд нь хамтарсан багаар мэс засал хийжээ.

Энэ удаагийн сургалт мэс заслын онцлог нь Монголын зүрхний мэс засалд хараахан нэвтрээгүй байгаа зүрхний хавхлагийг нөхөн сэргээх шинэ дэвшилтэт технологийг ашигласан мэс заслын аргачлалыг нэвтрүүлж байгаа юм. Зүрхний хавхлагийг нөхөн сэргээх энэхүү арга нь өвчтний өөрийн хавхлагийг хадгалан үлдээснээр тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлэхээс гадна насан туршдаа цус шингэлэх эм хэрэглэхгүй байдаг өндөр ач холбогдолтой мэс заслын арга технологи юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet