Live
НИЙГЭМ

Г.БЯМБАСҮРЭН: Есдүгээр 21-25-ны хооронд ОХУ-ын 3,000 гаруй иргэн Монгол Улсын хилээр орж ирсэн

Есдүгээр сарын 21-нд ОХУ цэргийн дайчилгаа зарласнаас хойш нэг хоногийн дотор Алтанбулаг боомтоор манай улсад нэвтэрсэн тус улсын иргэдийн тоо өмнөх өдрөөсөө гурав дахин нэмэгдсэн юм.

Энэ тухай Хил хамгаалах ерөнхий газраас “Есдүгээр сарын 22-ны 08:00 цагаас 23-ны 08:00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор ОХУ-ын 830 иргэн орж ирсэн бол 137 иргэн буцаж гарсан” гэж мэдээлсэн. Энэ нь есдүгээр сарын 21-ний өдөртэй харьцуулахад 569-өөр буюу гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт байлаа.

Алтанбулаг боомтод нөхцөл байдал ямар байгаа талаар Авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтын дарга хошууч Г.Бямбасүрэнгээс тодруулахад,

-Энэ оны есдүгээр сарын 21-ний оройноос эхлэн Монгол Улс руу нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Тодруулбал, 21-нээс хойш яг өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны өдрийн 12.00 цагийн байдлаар ОХУ-ын 3,000 гаруй  иргэн хилээр орж ирсэн байна.

Энэ хугацаанд Алтанбулаг авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтод ямар нэгэн урт дараалал үүсээгүй. Манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдсан.

Зорчигчдыг Монгол Улс болон олон улсын гэрээ, конвец, иргэд харилцан зорчих журмын хүрээнд нэвтрүүлсэн бөгөөд орос иргэдийг хүйсийн хувьд авч үзвэл 2500 нь эрэгтэй, үлдсэн 500 нь эмэгтэй байна. Эдгээрийн дийлэнх нь ганц бие залуучууд байгаа.

Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 25-наас боомтын хөдөлгөөн эргээд багасаж байна. ОХУ-ын иргэдийн хувьд манайд 30 хоногийн визтэй байдаг. Тус хугацаа дууссан тохиолдолд дахин хүсэлт өгөөд 30 хоног сунгах боломжтой. Хүсэлтээ ГИХГ-т цахимаар өгөхөд болно.

Одоогоор тус улсын иргэдтэй холбоотой зөрчил боомтод гараагүй байна гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet