ЭРҮҮЛ МЭНД

Хорт хавдрын эсрэг вирусийн эмчилгээний туршилт сайн үр дүн үзүүлжээ

Их Британийн эрдэмтэд хорт хавдрын эсийг устгах нэгэн төрлийн вирусийг гаргаж авсан бөгөөд хүн дээр хийсэн анхны туршилтууд нь маш сайн үр дүн харуулжээ. Шинэ төрлийн эмчилгээний туршилтад оролцсон нэг өвчтөний хорт хавдар үгүй болсон бол зарим хүмүүсийн хавдрын хэмжээ багассан байна.

Эрдэмтэд герпес вирусийн суларсан хэлбэр болох герпес симплексийг хавдрын эсийг устгах зориулалттай болгон өөрчилж эмчилгээнд ашигласан аж.

Цаашид урт хугацаанд томоохон хэмжээний судалгаа хийх шаардлагатай боловч мэргэжилтнүүд уг эмчилгээг хорт хавдрын эцсийн шатанд орсон илүү олон хүнд амьдрал бэлэглэх боломжтой гэж үзэж байна.

Лондон хотын оршин суугч 39 настай Кшиштоф Войковски нь “Royal Marsden NHS Foundation Trust”-ийн дэргэдэх Хавдар судлалын хүрээлэнгээс явуулсан аюулгүй байдлыг шалгах эхний шатны туршилтад оролцсон өвчтөнүүдийн нэг аж.

Тэрээр 2017 онд амны хөндийн шүлсний булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсоныхоо дараа мэс засалд орж, эмчилгээ хийлгэсэн ч хорт хавдар нь нэмэгдсээр эмчилгээгүй болсон байв.

Харин таван долоо хоногийн турш хоёр долоо хоног тутамд вирусийн эмчилгээний богино курс буюу герпес вирусийн тусгайлан өөрчилсөн хувилбарыг тариулснаар хорт хавдаргүй болсон байна.

Хавдар руу шууд тарьдаг тарилга нь хорт хавдартай хоёр аргаар тэмцдэг – хорт хавдрын эсүүд рүү довтолж, хагарахад хүргэдэг, мөн дархлааны системийг идэвхжүүлдэг.

Эхний туршилтад 40 орчим өвчтөн хамрагдсан ба заримд нь “RP2” хэмээх вирусийн тарилгыг дангаар нь хийсэн бол заримд нь “nivolumab” гэх өөр хорт хавдрын эмийг хослуулж ашиглажээ.

Үр дүнд нь зөвхөн “RP2” тарьсан есөн өвчтөний гурвынх нь хавдар багасаж, нэгийнх нь хавдар үгүй болж, хосолсон эмчилгээ хийлгэсэн 30 хүний долоод нь ямар нэг байдлаар үр дүнгээ өгчээ. Харин нийт өвчтөнүүдэд ядаргаа гэх мэт гаж нөлөө ерөнхийдөө хөнгөн байсан байна.

Ахлах судлаач, профессор Кевин Харрингтон улаан хоолойн хорт хавдар болон ховор төрлийн нүдний хорт хавдар зэрэг олон төрлийн хорт хавдрын үед эмчилгээ үр дүнгээ үзүүлсэн нь “үнэхээр гайхалтай” байсан гэжээ. Түүний хэлснээр эмнэлзүйн туршилтын эхний үе шатанд эмчилгээний аюулгүй байдлыг шалгах л зорилготой байдаг учраас ийм сайн үр дүн гарах нь ховор байдаг гэв.

Хорт хавдартай тэмцэхийн тулд вирус ашигласан нь анхны тохиолдол энэ биш юм. Хэдэн жилийн өмнө Их Британийн нийгмийн эрүүл мэндийн газар арьсны хорт хавдрын эсрэг “T-Vec” хэмээх вируст суурилсан эмчилгээг баталсан байдаг.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet