ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украины дөрвөн бүс нутагт Орост нэгдэх тухай санал хураалт эхэлжээ

Баасан гарагт Оросын цэргийн мэдэлд байгаа Украины дөрвөн бүс нутагт Москвад нэгдэх тухай санал хураалт эхэлжээ.

Донецк болон Луганскийн бүгд найрамдах улс, мөн Оросын хяналтад байгаа Херсон, Запорожье мужид явагдаж байгаа санал хураалт мягмар гарагт дуусна.

Одоогоор Орос улс Луганск болон Херсоны ихэнх хэсэг, Запорожьегийн 66 орчим хувь, Донецкийн 60 хувьд нь хяналтаа тогтоосон байгаа ба эдгээр бүс нутагт тулаан үргэлжилсээр байгаа юм.

Оросын дэмжлэгтэй Луганскийн удирдагч Леонид Пасечник “Бид бүгд Орост нэгдэх тухай бүх нийтийн санал асуулгыг найман жилийн турш хүлээж байна. Бид аль хэдийн Оросын нэг хэсэг болсон. Дайнд ялах гэсэн жижиг асуудал л үлдлээ” хэмээн мэдэгдсэн байна.

Харин Оросын дэмжлэгтэй Донецкийн удирдагч Денис Пушилин “Бид эх орондоо буцаж байна. Донбас бол Орос” гэж хэлжээ.

Украины Луганск мужийн амбан захирагч Сергей Гайдайгийн мэдээлснээр Оросын эрх баригчид мягмар гараг хүртэл Старобилск хотын хүн амыг хотоос гарахыг хориглож, зэвсэгт бүлэглэлүүд айлуудад нэгжлэг хийж, ард түмнийг санал хураалтад оролцохыг шаардаж байгаа аж.

Мөн Оросын мэдэлд байгаа Биловодск хотод нэгэн компанийн захирал ажилчдаа санал өгөхийг шаардсан бөгөөд оролцохоос татгалзсан хүмүүсийг ажлаас нь халж, хамгаалалтын албанд нэрийг нь өгнө гэж сүрдүүлсэн байна.

Эзлэгдсэн бүс нутгуудаас дүрвэсэн оршин суугчдын санал хураалтыг Москва хотын 20 орчим хэсэгт зохион байгуулж байгаа ба нэг санал хураах цэгийг өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Элчин сайдын яаманд байгуулсан гэж Оросын хууль тогтоогч мэдэгдэв.

Санал хураалт явуулж буй бүс нутгуудаас олон тооны хүн дүрвэсэн ийм үед үр дүнг яаж тооцох нь тодорхойгүй байгаа боловч 2014 онд болсон Крымийг нэгтгэх санал хураалттай адил энэ удаа ч мөн Орост албан ёсоор нэгдэхийг дэмжсэн үр дүн гарах нь тодорхой байна.

2014 оны гуравдугаар сарын 16-нд Орост нэгдэх тухай бүх нийтийн санал асуулга явуулж, Крымийн удирдагчид 97 хувийн саналаар Украинаас салан тусгаарлахыг зарлаж байсан бол гуравдугаар сарын 21-нд Орос Крымийг албан ёсоор өөртөө нэгтгэж байв.

Киев болон барууны орнууд бүх нийтийн санал асуулгыг Украины үндсэн хууль болон олон улсын хуулийг зөрчсөн гэж үздэг ба одоо ч хүлээн зөвшөөрдөггүй.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet