ЭДИЙН ЗАСАГ

“Уул уурхайн долоо хоног-2022″ арга хэмжээний сүүлчийн өдөр ногоон хөгжлийн гарц, шийдлийг хөндөв

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулж УУХҮЯ, “Оюу Толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног-2022” нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 19-23-нд зохион байгууллаа.

Баасан гарагт болсон хаалтын өдөр “Оюу толгой” компани үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэгчидтэй гэрээ байгуулав. Мөн оролцогчид “Уул уурхай ба Ногоон хөгжил” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, панель хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Гэрэл зургийг MPA.mn

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ хэсгийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад уул уурхайн бүх төсөл уурхайн хаалтын дараа нөхөн сэргээлтийг заавал хийх хуулийн үүрэг хариуцлага хүлээдэг ч зарим хөрөнгө оруулагч, лиценз эзэмшигч, олборлогч нар хойш сууснаас эзэнгүй хаягдсан 8,000 орчим га талбай үүсээд байна. 2022 оны байдлаар улсын хэмжээнд хийгдсэн эвдэрсэн газрын тооллогын дүнгээр нийтдээ 30 мянган га талбай эвдэрчээ. Тухайлбал, уул уурхай, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтоос эвдэрсэн талбай 28 мянган га байгаагаас хариуцах эзэнтэй 21 мянган га, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ашиглаж байгаад орхиж явсан, гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэрч хариуцах эзэнгүй орхигдсон долоо мянга гаруй га талбай үлджээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд нөхөн сэргээх ажлыг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхэд төв, орон нутагт төсөл хэрэгжүүлэгч, бусад талуудыг өргөн хүрээтэй татан оролцуулах шаардлагатай байна. Нөхөн сэргээлт нь уул уурхайн төслийн эхний шат дамжлагаас эхлэн уул уурхайг хаах болон газрын төлбөр барагдуулах хүртэлх бүхий л үе шатанд үргэлжилдэг үйл явц тул БОАЖЯ энэ бодлогыг цаашид хатуу мөрдөж ажиллах болно“ гэлээ.

Түүний араас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Нүүрс, эрчим хүчний группийн дарга Б.Ганхуяг “Хүлэмжийн хийн ялгарлаа тэглэх зорилт”-оо оролцогчдод танилцуулсан бол Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Ногоон эдийн засгийн шилжилт уул уурхайд” сэвдийг хөндлөө. Харин Дизайн энд Энвайронмент Кансалтанси байгууллагын ерөнхийлөгч Дэйвид Осуалд “Ногоон эдийн засгийн шилжилт-Олон улсын үзэл хандлага” сэвдээр илтгэл тавьсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2020 оноос томоохон төсөл, хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлэх чадамжтай болсон гэдгээ тодотгоод өнөөдрийн байдлаар олборлосон 83.5 сая тонн нүүрсний хүрээнд 385.5 сая кубметр хөрс шилжүүлсэн байна. 2019 он хүртэл уламжлалт аргаар нүүрсээ олборлож, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн ганц урсгалтай авто замаар тээвэрлэлт хийсэн бол тус оноос хойш дэд бүтцийн төслүүддээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлсэн гэлээ. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 1.9 их наяд төгрөгийн санхүүжилт гаргаж уул уурхайг дагасан тоосжилтыг бууруулахад түшиг болжэээ.

Харин “Рио Тинто Монгол” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Рио Тинто Монгол” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг”-тэй хамтран “Эрүүл ой” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж тэрбум модыг хортон шавжаас аварна” гэсэн юм. Төслийн хүрээнд хортон шавжаас үүдэлтэй нийт доройтсон газар нутгийн тал хувийг хамарсан тэмцлийн ажлыг 2023-2024 онд хийж, шинэлэг бөгөөд олон улсын шилдэг арга, техникийг нэвтрүүлэх замаар үр дүнг 90 гаруй хувьд хүргэх, урт хугацаанд ойг хөнөөлт шавжаас тогтвортой хамгаалах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг нэмэгдүүлэх арга хэмжээг хийхээр төлөвлөсөн байна.

Харин Дизайн энд Энвайронмент Кансалтанси байгууллагын ерөнхийлөгч Дэйвид Осуалд “Дэлхий дхинд уур амьсгалын шинэ ирэн ирж байна. Ногоон эдийн засгийн шилжилт гэдэг нь байгаль орчин, нийгмийн уламжлалт эдийн засаг, санхүүгийн шинжилгээнээс ч чухал өөрчлөлт” гэсэн.

Гэрэл зургийг MPA.mn

Сэдвийн хүрээн дэх панель хэлэлцүүлгийг “Монполимент” группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан удирдаж, панелистаар УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Рио Тинто Монгол” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Нүүрс, эрчим хүчний группийн дарга Б.Ганхуяг, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга н.Очирсүрэн оролцов.

Тэд,

-Уул уурхайн нөхөн сэргээлт-ногоон хөгжил,

-Хууль, эрх зүйн зохицуулалт-хэрэгжилт,

-Хүлэмжийн хий бууруулах чиглэл,

-Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдийн үүрэг, хариуцлага,

-Уурхай дагасан тоосжилтын асуудлыг хөндөж, гарц шийдлийн талаар ярилцлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet