ДЭЛХИЙН МЭДЭЭ

Цэрэг татлагын улмаас Оросын хилийн боомтуудад урт дараалал үүсжээ

Лхагва гарагт Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласан бөгөөд 300,000 мэргэжлийн цэргийн албан хаагч дайнд дуудагдаж магадгүй байгаа юм.

Тэгвэл Украины дайнд татагдахыг хүсээгүй эрчүүд Оросын хилийн орчимд урт дараалал үүсгэжээ.

Байлдааны насны эрчүүд зугтаж байгаа тухай мэдээллийг Кремль “хэтрүүлэгтэй” гэж үзэж байгаа ч Гүрж улсын хил дээр дайнаас зугтахыг оролдсон эрчүүдийг оролцуулаад олон км урт машинтай дараалал үүссэн байна.

Зарим хүмүүс Дээд Ларсын шалган нэвтрүүлэх боомт дахь автомашины дараалал таван км  үргэлжилсэн гэж тооцоолсон бол өөр нэг хэсэг нь хилээр гарахын тулд долоон цаг хүлээсэн гэж мэдэгджээ.

Гүрж бол Оросын иргэдийг визгүйгээр нэвтрэхийг хүлээн зөвшөөрдөг цөөхөн хөрш орнуудын нэг юм. Оростой 1,300 км хиллэдэг Финланд улс виз шаарддаг бөгөөд нэг шөнийн дотор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн гэж мэдээлсэн ч энэ нь зохицуулах боломжтой түвшинд байна гэж мэдэгджээ.

Монгол, Казахстан зэрэг хилийн боомтуудад мөн ер бусын урт цуваа үүсэж, зарим нь хилээр гарахын тулд 20 орчим цаг дараалалд зогссон тухай “Telegraph” мэдээлэв.

Цэрэг дайчилгаа зарласны дараа Истанбул, Белград, Дубай зэрэг агаарын тээврийн бусад чиглэлийн тийзний үнэ огцом нэмэгдэж, зарим чиглэлүүд зарагдаж дууссан байна. Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг талын тийзний борлуулалт их хэмжээгээр нэмэгдсэн гэж мэдээлжээ. Харин визгүй зорчих боломжтой бусад газруудын нислэг олон мянган еврогийн үнэд хүрсэн байна.

Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фаэзер цэргийн албанаас зугтсан Оросын иргэдийг эх орондоо хүлээж авна гэж пүрэв гарагт мэдэгдсэн бол Литва, Латви, Эстони, Чех улс Оросоос дүрвэж буй хүмүүст хоргодох байр санал болгохгүй гэж мэдэгдсэн байна.

Пүрэв гарагт Оросын томоохон хотуудад жагсаал цуглаан өрнөж, Москва, Санкт-Петербург хотуудад 1,300 орчим хүн баривчлагдсан гэж мэдээлж байна.

Эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр саатуулагдаж байхад нь цагдаагийн газраас цэргийн зарлан өгсөн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг хууль зөрчөөгүй үйлдэл гэж тайлбарлажээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский пүрэв гарагийн мэдэгдэлдээ Оросын ард түмнийг цэрэг дайчилгааг эсэргүүцэхийг уриалав. Тэрээр дайнд амь үрэгдсэн оросуудын талаар дурдаж, “Илүү олон хүнийг амийг хүсэж байна уу? Зөвшөөрөхгүй гэж үү? Тэгвэл эсэргүүц. Тэмц. Зугт. Эсвэл Украинд бууж өг” гэж хэлжээ.

Ард иргэдийнхээ эсэргүүцлийг үл харгалзан цэрэг татлагаа амжилттай зохион байгуулсан ч шинэ анги нэгтгэлүүд хэдэн сарын дараа дайны талбарт гарах магадлалтай гэж батлан хамгаалахын мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн Орос зөвхөн мэргэжлийн цэргийн алба хаасан хүмүүсийг цэрэгт дуудна гэж хэлсэн ч цэргийн дайчилгааны хүрээ албан ёсны мэдэгдлээс ч өргөн байж магадгүй гэсэн таамаг гарчээ.

Дайны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарангуйлж эхлэх үед үйл ажиллагаагаа Европ руу шилжүүлсэн бие даасан “Новая газета” сонин Владимир Путиний зарлигт нууцын зэрэглэлд оруулж, нууцалсан нэмэлт мөр байгааг мэдээлэв.

Засгийн газрын эх сурвалж сая хүртэлх тооны хүнийг цэрэгт татах талаар дурдсаныг сонинд мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet