УКРАИН

Дмитрий Медведев: Орост шинээр нэгдэж буй бүс нутгийг стратегийн цөмийн зэвсгээр хамгаалах боломжтой

Пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Москвагийн эзэмшиж буй аливаа зэвсгийг, тэр дундаа стратегийн цөмийн зэвсгийг Оросын бүрэлдэхүүнд багтсан газар нутгийг Украинаас хамгаалахад ашиглаж болно гэж мэдэгджээ.

Одоо Оросын Аюулгүйн Зөвлөлийн дэд даргаар ажиллаж буй Медведев Оросоос томилсон албан тушаалтнууд болон салан тусгаарлагчид Оросын эзэмшилд байгаа Украины нутаг дэвсгэрт бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах нь тодорхой бөгөөд үүнийг “буцах боломжгүй” гэж мэдэгдэв.

Тэрээр “Орос Донбассын бүгд найрамдах улсууд болон бусад нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөх болно” гэж хэлээд, Оросын зэвсэгт хүчин эдгээр нутаг дэвсгэрийн хамгаалалтыг бэхжүүлнэ гэж мэдэгджээ.

Медведев “Хамгаалалтыг бэхжүүлэхэд дайчлах чадавх төдийгүй Оросын аливаа зэвсэг, тэр дундаа стратегийн цөмийн зэвсэг, физикийн шинэ зарчимд суурилсан зэвсгийг ашиглаж болно гэж Орос улс зарласан” гэж мэдэгдсэн байна.

Энэ баасан гарагаас эхлэн Украины Оросын мэдэлд байгаа Донецк, Луганск, Херсон, Запорожье мужууд болон Николайев мужийн зарим хэсэгт бүх нийтийн санал асуулга явуулах төлөвтэй байна.

Хэрэв эдгээр бүс нутгууд Оросын бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдвэл Москва газар нутгаа Украины сөрөг довтолгооноос хамгаалахын тулд цөмийн зэвсэг ашиглах эрхтэй болох юм.

Одоогоор Москва өөртөө нэгтгэх гэж буй дөрвөн бүс нутгийн алийг нь ч бүрэн эзэлж аваагүй бөгөөд Донецкийн 60 орчим хувь, Запорожье мужийн 66 хувь нь л Оросын армийн мэдэлд байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet