ДЭЛХИЙН МЭДЭЭ

Шри Ланка: Наймдугаар сард инфляцын түвшин 70.2 хувьд хүрчээ

Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд тохиолдож буй хамгийн хүнд эдийн засгийн хямралтай тулгараад байгаа Шри-Ланка улсын инфляцын түвшин наймдугаар сард 70 гаруй хувьд хүрчээ.

Албан ёсны мэдээллээр хүнсний үнэ өмнөх оныхоос 84.6 хувиар өссөн байна.

22 сая хүн амтай Өмнөд Азийн улс энэ онд гадаад валютын хомсдолд орж, эдийн засаг, улс төр, нийгмийн эмх замбараагүй байдалд автсан бөгөөд шатахуун, бордоо, эм зэрэг импортын гол бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод байна.

Өнгөрсөн сард Шри Ланкийн Төв банк тус улсын эдийн засаг удааширч байгаагийн хэрээр инфляц 70 орчим хувьд хүрснийхээ дараа эргээд буурна гэж тооцоолж байв.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан албан ёсны тоо баримтаас үзвэл эдийн засаг наймдугаар сарын эцэс хүртэлх гурван сарын хугацаанд 8.4 хувиар буурсан байна.

Цар тахлын өмнө Шри Ланка нь аялал жуулчлалын орлогоос ихээхэн хамаараалтай байсан. Гэвч Ковид-19-ийн тархалтыг удаашруулах зорилготой хилийн хязгаарлалт нь аялал жуулчлалын салбарт хүндээр тусаж, тус улсын эдийн засагт томоохон хохирол учруулсан юм.

Үүний зэрэгцээ, олон жилийн санхүүгийн буруу менежмент Шри Ланка улсыг энэ оны эхээр гадаад өрөө төлөх чадваргүй болгосон.

Шри Ланкад хоол хүнс, шатахууны үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотой олон нийтийг хамарсан жагсаал өрнөж, улс орныг хямралд хүргэсэн Ерөнхийлөгч Готабая Ражапакса болон түүний засгийн газрыг огцрохыг шаардсан. Хожим нь Ражапакса гадаад руу дүрвэж, долдугаар сард огцрох өргөдлөө өгсөн юм.

Энэ сарын эхээр Шри Ланка Олон улсын валютын сантай 2.9 тэрбум долларын зээл авахаар урьдчилсан тохиролцоонд хүрээд байна.

Мөн мягмар гарагт Энэтхэг улс Шри Ланкатай өрийн бүтцээ өөрчлөх талаар яриа хэлэлцээр хийж эхэлснээ мэдэгдээд, урт хугацааны хөрөнгө оруулалт санал болгохоор төлөвлөж байгаагаа зарлажээ. Түүнчлэн Энэтхэг Шри Ланкийн 1.2 тэрбум ам.долларын импортын төлбөрийг хойшлуулж, бордооны импортод 55 сая долларын зээлийн шугам санал болгов.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet