ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос-Украины талууд Виктор Медведчукээр Азовын баталионы дайчдыг солилцжээ

Оросын тал Украины болон гадаадын 215 иргэнийг сулласан тухай Украины удирдагч Володимир Зеленский мэдэгдсэн бөгөөд эдгээр хүмүүсийн дунд Украины эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болсон Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрийн хамгаалалтыг удирдаж байсан дайчид багтсан байна.

Эх орноосоо урвасан хэргээр буруутгагдаж буй Украины парламентын гишүүн асан, Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний холбоотон Виктор Медведчук тэргүүтэй 55 хоригдлыг Орост шилжүүлсэн болохыг Зеленский өдөр тутмын мэдэгдэлдээ дурдсан.

Медведчукийг эх орноосоо урвасан хэргээр гэрийн хорионд оруулсан байсан ч тэрээр Оросын түрэмгийллээс хэд хоногийн дараа оргоод, хожим нь дөрөвдүгээр сард Украины хүчнийхэнд баривчлагдсан билээ. Тухайн үед Зеленский түүнийг Орост хоригдож байгаа Украины цэргийн олзлогдогсдоор солихыг санал болгосон ч Кремль энэ саналыг хүлээж аваагүй юм.

Харин түрэмгийлэгч хүчний галыг удаан хугацаанд эсэргүүцэж, гангийн үйлдвэрийг хамгаалж, тулалдсаны эцэст Азовын дайчид тавдугаар сард бууж өгч, тэднийг Оросын хяналтаа тогтоосон нутаг дэвсгэр рүү шилжүүлж байв.

Энэ солилцоо нь хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших хамгийн том солилцоо болж байна.

Зеленскийгийн хэлснээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хийсэн тохиролцооны дагуу Азовсталь хотын хамгаалалтын албаны даргыг оролцуулаад таван цэргийн командлагчийг Турк руу шилжүүлсэн бөгөөд суллагдсан хоригдлуудыг дайн дуустал тэнд байлгахаар болжээ.

Мөн солилцооны хүрээнд лхагва гарагийн өглөө таван Британи, хоёр Америкийн цэргийг Оросоос Саудын Араб руу шилжүүлсэн байна.

Өмнө нь Эрдоган Америкийн телевизэд өгсөн ярилцлагадаа Орос, Украины талууд 200 орчим хоригдлыг солилцохоор төлөвлөж байгаа тухай дурдаж байв.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet