ДЭЛХИЙН МЭДЭЭ

Иранд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын хүрээнд “WhatsApp”, “Instagram”-ын хэрэглээг хязгаарлажээ

Иранд цагдаад саатуулагдсан эмэгтэйн үхлийг эсэргүүцсэн жагсаал өргөн хүрээг хамарсны дараа эрх баригчид “Instagram” болон “WhatsApp”-ийн хэрэглээг хязгаарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт Тегераны ёс суртахууны цагдаад “тохиромжгүй хувцасласан” үндэслэлээр саатуулагдаад байсан 22 настай Махса Амини гэх эмэгтэй нас барсан явдал олон нийтийн уур бухимдлыг өдөөж, өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаалд хүргэсэн билээ.

Ираны хэвлэл болон албаны хүмүүсийн мэдээлснээр одоогоор зургаан жагсагч, нэг цагдаа, засгийн газрын талыг баримтлагч зэвсэгт хүчний нэг цэрэг амь үрэгдээд байна. Харин идэвхтнүүдийн бүлэг илүү олон хүн амиа алдсан гэж хэлж байна.

Интернэт хяналтын “NetBlocks” байгууллага Иран даяар интернетийн томоохон тасалдал үүсэж, томоохон үүрэн телефоны операторын сүлжээ тасарч, Ираны сая сая иргэд харилцаа холбоо тогтоох боломжгүй болсон талаар мэдээлэв.

Мөн “NetBlocks”-ийн мэдээлснээр “Instagram”-ын үйлчилгээг хааснаас хойш хэдэн цагийн дараа “WhatsApp”-ын серверүүд олон тооны “IPS” (интернет үйлчилгээ үзүүлэгч) дээр тасалдсан байна.

Тус байгууллагын мэдээллээс харвал Ираны баруун хэсэгт орших Курдистан мужийн зарим хэсэгт даваа гарагаас хойш интернетийн үйлчилгээ бараг бүхэлдээ тасалдсан бол нийслэл Тегеран болон тус улсын бусад хэсэгт эсэргүүцлийн жагсаал эхэлсэн баасан гарагаас хойш интернет үйлчилгээ тасалджээ.

Тегеран болон өмнөд Иранд амьдардаг хоёр эх сурвалжийн хэлснээр “WhatsApp”-аар зураг илгээх боломжгүй, зөвхөн мессеж илгээж болж байгаа бол “Instagram”-ыг огт ашиглаж болохгүй байгаа аж.

Эдгээр платформыг “Facebook”-ийн толгой компани “Meta” эзэмшдэг бөгөөд Иранд ажиллаж байгаа цөөн тооны олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг юм. “NetBlocks” уг тасалдлыг Ираны засгийн газар 2019 оны эсэргүүцлийг дарах зорилгоор долоо хоногийн хугацаанд интернет үйлчилгээг хааснаас хойших “хамгийн ноцтой” тохиолдол гэж тодорхойлов.

Дэлхийн хамгийн хатуу интернетийн хяналттай Исламын Бүгд Найрамдах Улсын зарим хэсэгт “TikTok”, “YouTube”, “Twitter”, “Facebook” зэрэг олон нийтийн мэдээллийн сайтуудыг тогтмол хязгаарладаг. Гэхдээ зарим иргэд виртуал хувийн сүлжээг (VPN) ашиглан эдгээр сайтуудад нэвтэрдэг байна.

Эх сурвалж: Al Jazeera

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet