ДЭЛХИЙН МЭДЭЭ

Володимир Зеленский дайны шүүх байгуулж, Оросыг шударгаар шийтгэхийг НҮБ-д уриалав

Орос Украинд түрэмгийлснийхээ төлөө шударга шийтгэл хүртэх ёстой гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хуралдааны үеэр мэдэгджээ.

Чуулганд Зеленскийгийн урьдчилан бэлдсэн дүрс бичлэгийг үзүүлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг чуулганы хуралдаанд оролцсон олон хүн алга ташин хүлээж авчээ.

Зеленский танилцуулга үгэндээ Оросыг “үндэслэлгүй дайн” эхлүүлснээрээ “гамшигт үймээн самуун” үүсгэж байна гэж буруутгасан байна.

Тэрээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний 300,000 цэрэг дайчлах тушаал гаргасныг дурдаад, “дайсны тал энхийн хэлэлцээрт нухацтай хандахгүй байгааг харуулж байна” гэж тодорхойлжээ.

Мөн Украины бүс нутгуудад Орост нэгдэх тухай бүх нийтийн санал асуулга явуулах гэж байгааг буруушаасан байна.

Түүнчлэн Украины удирдагч Москвад үйлдсэн дайны гэмт хэргийнх нь төлөө хариуцлага тооцохын тулд дайны тусгай шүүх байгуулахыг уриалсан аж.

Зеленский үргэлжлүүлэн дайны хэрцгийллийг дурдахдаа Оросын цэргүүдээс чөлөөлсөн Изюм хотоос 445 булш илрүүлсэн явдлыг онцлов. Тэрээр тус хотод үйлдэгдсэн дайны гэмт хэрэг, тэр дундаа нэг хохирогчийг ​хөнгөлснийхөө дараа хөнөөсөн байсныг дэлгэрэнгүй ярьжээ.

Зеленский мөн энх тайвны төлөөх хөдөлшгүй таван нөхцөлийг танилцуулсны эхнийх нь “шударга шийтгэл” байв. Дараагийнх нь Москваг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээс түдгэлзүүлэх, мөн Украины иргэдийн амь насыг хамгаалж, тус улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийг хүндэтгэхийг уриалав.

Харин дөрөв, тав дахь болзлын хувьд Киевийн аюулгүй байдалд шинэ баталгаа гаргаж, дэлхий нийтээр Москвагийн зэвсэгт түрэмгийллийн эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалжээ.

Зеленский төгсгөлд нь дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэхийг зөвшөөрсөн НҮБ-ын 101 оронд талархал илэрхийлээд, бичлэгийг эсэргүүцсэн Орос зэрэг долоон орныг шүүмжилж, мөргөлдөөний үеэр төвийг сахисан байр суурийг баримталсан улсуудыг буруушаасан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet