ДЭЛХИЙН МЭДЭЭ

Байден Путинийг цөмийн аюул заналхийлсэн, НҮБ-ын дүрмийг зөрчсөн гэж буруутгав

Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросыг цөмийн зэвсэг хэрэглэх талаар мэдэгдэл хийсэн нь “боломжгүй”, “хариуцлагагүй” заналхийлэл гэж буруутгаад, Москва Украинд түрэмгийлснээр НҮБ-ын гишүүн байх үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж мэдэгдэв.

Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Байден үг хэлэхдээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг ямар ч үндэслэлгүй дайн эхлүүлсэн гэж шүүмжилжээ.

Лхагва гарагт Путин цэргийн дайчилгаа зарлаж, барууны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй хэмээн сүрдүүлсэн бөгөөд үүнийг НАТО Орос улс дайны талбарт ялагдал хүлээж байгаа учраас цөхрөнгөө барсан “болгоомжгүй” үйлдэл хийж байна гэж тодорхойлов.

Харин Байден чуулганы индэр дээр НАТО-гийн мэдэгдэлтэй адил мэдэгдэл хийсэн байна.

“Өнөөдөр Ерөнхийлөгч Путин цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийн үүрэг хариуцлагыг үл тоомсорлон Европт цөмийн зэвсгийн аюул заналхийллээ” гэж тэрээр хэлээд, “Цөмийн дайнд ялах боломжгүй, хэзээ ч цөмийн дайныг эхлүүлж болохгүй” гэж хэлсэн байна.

Мөн Байден хэн ч Оросыг заналхийлээгүй, харин Орос өөрөө мөргөлдөөнийг эрэлхийлсэн бөгөөд Москва НҮБ-ын үнэт зүйлсийг зөрчиж байна гэж мэдэгджээ.

Тэрээр “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хөрш рүүгээ халдаж, тусгаар тогтносон улсыг газрын зургаас арилгахыг оролдсон. Орос улс НҮБ-ын дүрмийн үндсэн зарчмуудыг ичгүүр сонжуургүйгээр зөрчсөн. Энэ дайн нь зүгээр л Украины төрийн оршин тогтнох эрхийг, Украины ард түмний оршин тогтнох эрхийг унтраах зорилготой” гэж хэлэв.

Түүнчлэн Байден НҮБ-ын чуулганы үеэр АНУ дэлхийн хүнсний аюулгүй байдлын эсрэг 2.9 тэрбум долларын нэмэлт санхүүжилт олгохоор болсныг зарлажээ.

Тэрээр барууны хориг арга хэмжээ экспортод сөргөөр нөлөөлж байна гэсэн Оросын мэдэгдлийг няцаагаад, АНУ-ын хориг арга хэмжээ Оросын хүнс, бордооны экспортыг хаагаагүй бөгөөд зөвхөн Оросын дайн хүнсний аюулгүй байдлыг улам дордуулж байна гэдгийг онцолжээ.

Мөн Байден олон хүн өлсгөлөнгийн улмаас зовж байгаа ийм үед үр тариа хуримтлуулахгүй байхыг уриалсан байна.

Өмнө нь АНУ Хятадыг үр тариа нөөцөлж байгааг буруушааж байсан. Олон улсын үр тарианы зөвлөл 2021/22 оны улирлын эцсийн байдлаар Хятадын үр тарианы нөөцийг 323.5 сая тонн гэж тооцсон нь дэлхийн нийт нөөц болох 602.9 сая тонн үр тарианы талаас илүү хувь юм.

Байден мөн өнгөрсөн долдугаар сард НҮБ болон Туркийн зуучлалаар байгуулсан Украины Хар тэнгисийн хүнсний экспортыг сэргээх тухай хэлэлцээрийг сунгахыг уриалжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet