УКРАИН

Цэргийн дайчилгааны дараа Орост дайны эсрэг жагсаал өрнөж, цагдаа нар олон зуун хүнийг баривчилжээ

Украинд тулалдаанд 300,000 цэрэг татах тухай Кремлийн шийдвэрийг эсэргүүцэн жагссан олон зуун жагсагчийг Оросын цагдаа нар баривчилсан байна.

Оросын хүний ​​эрхийн “ОВД-Инфо” байгууллага нийтдээ 1,000 гаруй хүн саатуулагдсан гэж мэдэгджээ. Санкт-Петербург, Москвад хамгийн олон хүн баривчлагдсан бол Эрхүү болон Сибирийн бусад хотууд, Екатеринбургт олон арван хүн мөн баривчлагдсан байна.

Москвагийн прокурорын газраас зөвшөөрөлгүй гудамжны жагсаалд нэгдэхийг интернетэд уриалах, эсвэл тэдгээрт оролцсон тохиолдолд 15 жил хүртэл хорих ял оноож болзошгүйг лхагва гарагт анхааруулжээ.

Зэвсэгт хүчний нэр хүндийг гутаан доромжилж, Украины дайны талаар “худал мэдээлэл” тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, цагдаа нар Путиний эсрэг тэмцэгчдийг нухчин дарж байгаа тул Орост дайны эсрэг олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулагдах нь ховор болсон.

Гэвч лхагва гарагт Путин цэргийн дайчилгаа зарласны дараа дайны эсрэг сөрөг хүчний “Весна” бүлэглэл өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалж, дараа нь “Telegram”-аар дамжуулан Орос даяар олон зуун хүн баривчлагдсан тухай мэдээлжээ. Екатеринбург хотод хийсэн нэгэн дүрс бичлэгт цагдаа нар автобусан доторх жагсагчдад хүч хэрэглэж буйг харуулсан байна.

Оросын хүний ​​эрхийн “Агора” байгууллагын хуульч Павел Чиковын хэлснээр мягмар гарагийн өглөөнөөс хойш байгууллагын утсанд цэргийн эрх үүргийн талаар мэдээлэл авахыг хүссэн 6,000 хүсэлт ирсэн байна.

Орос залуус цэргийн зарлангаас айж байгаагаа “ВВС”-д ярьжээ.

Санкт-Петербург хотод амьдардаг Матвей “Би ийм зүйл болохгүй гэж найдаж байсан. Одоо Путин ухрахгүй, Оросын бүх иргэд амиа алдах хүртэл тэнэг тэмцлээ үргэлжлүүлэх нь тодорхой боллоо. Дайчилгааны энэ шатанд намайг цэрэгт татах ёсгүй ч байдал улам дордохгүй гэсэн баталгаа алга” гэж хэлсэн байна.

Их Британид амьдардаг 31 настай Евгений “Хүн бүр айж байна, дайчилгааны талаар хүн бүр өөр өөр мэдээлэл илгээж байна. Юу нь үнэн, юу нь худал болохыг ойлгоход маш хэцүү. Хүмүүс засгийн газарт итгэхээ больсон” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet