Live
ЭДИЙН ЗАСАГ

“Уул уурхайн долоо хоног-2022”: “Далд уурхайн симпозиум”, “Үүсмэл ордын ашиглалт” хурлаар үргэлжилж байна

“Уул уурхайн долоо хоног-2022” нэгдсэн арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж, “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэвдээр бага хурал, “Үүсмэл ордын ашиглалт” онол, практикийн хурал өрнүүллээ.

“ДАЛД УУРХАЙН СИМПОЗИУМ”

Үдээс өмнө долоон илтгэгч илтгэл тавьснаас  “Оюу толгой” ХХК-ийн Техникийн болон нэгдсэн төлөвлөлт хариуцсан Ерөнхий менежер Т.Отгонбаяр, тус компанийн Гүнийн уурхайн техникийн үйлчилгээ хариуцсан менежер Э.Баттулга нарын илтгэлийг онцлон хүргэе.

Э.Баттулганы хувьд “Оюу толгой”: Дэлхийд өрсөлдөх гүний уурхайг цогцлоох нь сэдвээр илтгэл тавьсан бөгөөд нураан олборлолтыг амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай орчин үеийн техник, технологи болон Далд уурхайн нийт ажиллах хүчний 94%-ийг монгол ажилчид, үүнээс 21% нь Өмнөговь аймгийн иргэд байгаа талаар хэлж байв. Мөн анхны хүдэр олборлох юүлүүрийн тэсэлгээг огтлох тэсэлгээнээс 5 сарын дараа буюу оны эхэнд төлөвлөж байснаас нь 2 сарын өмнө тэсэлсэн, Ашиглалтын 1-р давхраас цааш олборлолтыг үргэлжлүүлэн явуулахад шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлж байгааг хөндсөн юм.

Түүнчлэн ирээдүйд хийх ажлыг дараах байдлаар танилцууллаа.

Илтгэгч Т.Отгонбаярын хувьд “Оюу толгой”-н Панел О олборлолтыг эхлүүлсэн тухай оролцогчдод мэдээлэл хүргэсэн. Тэрбээр,

  1. “Оюу толгой” ордын нээлт, бүтээн байгуулалт,
  2. Хойд Хюго ашиглалтын 1-р давхрын 2016 оны уурхайн дизайн,
  3. Хойд Хюго ашиглалтын 1-р давхрын уурхайн дизайн шинэчлэл,
  4. Монголын блоклон нураан олборлолтын эрин үеийг бий болгох нь зэрэг агуулгын хүрээнд илтгэлээ тавилаа.

Мөн “Оюу толгой” Хойд Хюго Ашиглалтын 1-р давхрын блокоор нураан олборлолтын ажлыг эхлүүлсэн гэдгийг дурьдаад “Оюу толгой” төслийн амжилтад нийт 20,000 ажилчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн гэдгийг тодотгов. Мөн Монголын блоклон нураан олборлолтын шинэ эрин үеийг цогцлоож, Монгол

Улсыг томоохон хэмжээний нураан олборлолтын чиглэлээр дэлхийн дараагийн төв болгох боломж бий болсон гэсэн юм.

ҮҮСМЭЛ ОРДЫН АШИГЛАЛТ

Оролцогчдын анхаарлын төвд “Үүсмэл ордын ашиглалт” онол, практикийн хурал байсан. Хурлыг нээж, УУХҮЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батбаяр эхний мэдээллийг өглөө. Тэрбээр “Үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг хэлнэ” гэж тодорхойлов. Харин үүсмэл орд – Эрхзүйн үдэслэлд,

1. Ашигт малтмалын тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт.

2. Засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам”.

3. Засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг мөрдөж байгааг оролцогчдод танилцууллаа.

Харин “Ачит Ихт” ХХК-ийн Катодын зэсийн үйлдвэрийн Судалгаа, шинжилгээ хяналтын албаны дарга П.Очирбат “Ачит Ихт” ХХК-ийн үүсмэл ордын ашиглалт ба туршилт судалгааны ажлууд, тэдгээрийн хэрэгжилтийг олон нийтэд танилцуулсан.

“Ачит ихт” ХХК нь уусгалт-металлургийн хүндэвтэр нөхцөлтэй гэж тооцогдох зэсийн үүсмэл ордыг туршилт судалгаанд тулгуурлан, шинэлэг техник технологи, арга аргачлалыг нэвтрүүлж амжилттай ажиллаж байгаа гэлээ. Энэ хүрээнд Үүсмэл ордыг ашиглах туршлага хуримтлуулж энэ чиглэлийн үйл ажиллагаагаар Монгол Улсын уул уурхайн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгээ дурьдав.

Ингээд үдээс өмнөх арга хэмжээний хөтөлбөр сэдвийн хүрээн дэх панель хэлэлцүүлгээр өндөрлөсөн юм.

Панель хэлэлцүүлэг “Үүсмэл ордын ашиглалт” сэдвийнхээ хүрээнд өрнөж,УУХҮЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батбаяр, АТГТГ-ын Баяжуулалт, боловсруулалт хариуцсан мэргэжилтэн Х.Лхагвабаатар, “Ачит Ихт” ХХК-ийн Катодын зэсийн үйлдвэрийн Судалгаа, шинжилгээ хяналтын албаны дарга П.Очирбат нар,

-Нөөц,

-Ашиглалт,

-Хууль эрхзүйн орчин,

-Үүсмэл ордын судалгааны талаар харилцан мэдээлэл солилцож, заалнаас ирсэн асуултад хариуллаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet