ЭДИЙН ЗАСАГ

Ч.ЭНХ-АМГАЛАН: Геологи, хайгуулын ажлыг иргэд, сум орон нутгийн удирдлагууд ойлгодоггүйгээс улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж чадахгүйд хүрсэн

Гэрэл зургийг MPA.mn

“Орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг

“Уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээний хоёр дахь өдрийн гол панель хэлэлцүүлгийн нэг нь “Хариуцлагатай уул уурхай ба Орон нутаг” бага хурлын хэсэг “Орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг байв.

Хэлэлцүүлгийн модератороор О.Батболд (Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөлийн УЗ-ийн дарга) сууж,

  1. УУХҮЯ-ны Бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа,
  2. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал,
  3. “Ховдын толь” ТББ-ын тэргүүн Г.Төрмөнх,
  4. “Оюу толгой” компанийн орон нутаг хариуцсан ерөнхий менежер Г.Сугар,
  5. “АУМ алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавзандорж,
  6. Сноу хилл консалтанси хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч Э.Билэгсайхан нар панелистаар оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Уул уурхайгаас шалтгаалсан тулгамдаж байгаа гол асуудал нь,

Нэгдүгээрт: Тоосжилт,

Хоёрдугаарт: Бэлчээр,

Гуравдугаарт: Усны нөөц байна. Дээр нь хүний эрх буюу орон нутгийн иргэдийн санал гэдгийг анхаарч үзмээр байна. Мөн эцсийн шийдлийг мэргэжлийн байгууллагууд гаргаж, маш сайн ажилламаар байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах шаардлага бий” гэсэн юм.

Харин МҮГХ-ны ерөнхийлөгч асан Ч.Энх-Амгалан “Шийдвэр гаргах түвшинд геологичид бид дуу хоолойгоо хүргэх ёстой. Геологчидоо төлөөлөөд хэд, хэдэн асуудал хэлмээр байна. Уул уурхайн салбарын 100 жилийн ойг бид тэмдэглэж байна. Энэ салбарын түүчээ нь геологийн судалгаа, геологчдын ажил байдаг. Гэтэл сүүлийн 20-30 жилд геологи хайгуулын ажил бүрэн зогссон. Ингэснээр энэ салбарт ямар бэрхшээл үүсэж байна вэ гэдгийг тодруулахыг хүслээ. Газрын доорх баялаг бол ард түмний өмч. Энэ баялгийг  ашиглахын тулд төр зардал, төсвийг нь шийднэ. Гэтэл геологи, хайгуулын ажлыг иргэд, сум орон нутгийн удирдлагууд нь ойлгодоггүйгээс улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж чадахгүйд хүрсэн. Геологичид бид орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа малчдын эрх ашгийг хүндэтгэнэ. Засаг даргын хүрээний ажлыг ч ойлгож байна. Гэхдээ геологи, уул уурхайн салбарын ажлыг дэмжээгүйнхээ төлөө аймаг, сумын Засаг даргаас эхлээд малчин та ямар хариуцлага хүлээх вэ. Төрөөс өгдөг олон талт дэмжлэгүүдээс татгалзаж чадах уу. Стратегийн ач холбогдолтой геологи, хайгуулын салбарыг эсэргүүцдэг ийм малчин болон бусад дарга нарт хариуцлага тооцдог байя. Өнөөдрийг хүртэл ажил байдлынхаа эрхийг олон талаар зөрчүүлсэн нэг ч геологич жагсаал цуглаан хийж яваагүй шүү. Хариуцлагагүй, хариуцлагатай гээд манай салбараас хариуцлага нэхэж байна. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын Засаг даргаас эхлээд малчин, нутгийн иргэд та бүхэн Монгол Улсын хөгжилд өөрсдийн зүгээс яаж хувь нэмэр оруулав, иргэний үүргээ хэрхэн биелүүлэв гэдгээ бодоорой” гэлээ.

Мөн УУХҮЯ-ны Бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа “Маш чухал асуудлыг хөндөж хэлэлцэж байна. УУХҮЯ-наас хууль эрхзүйн орчны шинэтгэлийн асуудлыг хийж байгаа. Цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Ерөнхий төлөвлөгөөгөөр намрын чуулганд оруулна. Одоо хэрэглэж байгаа хууль бол 16 жил ашигласан хууль, 300 удаа гар хүрсэн. Өнөөдөр өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Төр, хөрөнгө оруулагч, иргэний нийгмийн байр суурийг маш тодорхой оруулж өгөхөөр тусгаж байгаа.

Нөгөө талаас, уурхай, малчин хоёрын дунд мэдээллийн асар том ангал байна. Үүнийг холбосон мэдлэг мэдээллийн асуудлыг хуульд оруулах нь зүйтэй гэж харсан. Мөн АМГТ-ны төлөөлөгчийн газрыг бүсчилж орон нутагт бий болгохоор ажиллаж байна. Бүх хүмүүсээс санал авна. Иргэд, хөрөнгө оруулагч, төрийн байгууллагынхан маш идэвхтэй оролцоосой гэж хүсч байна. Судалгаан дээр тулгуурласан бодит санал ирүүлнэ гэж харж байна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр,

-Уул уурхайн эрхзүйн орчин,

-Орон нутгийн онцлог,

-Нийгэм эдийн засгийн суурь судалгаа,

-Орлого, олборлолтоос сан бий болгох зэрэг олон асуудлыг хөндсөн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet