ДЭЛХИЙН МЭДЭЭ

Байден: Хятад түрэмгийлсэн тохиолдолд АНУ-ын хүчин Тайванийг хамгаална

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятад улс арал руу түрэмгийлсэн тохиолдолд АНУ-ын арми Тайванийг хамгаална гэж мэдэгджээ. Энэ нь түүний өнөөг хүртэл уг асуудлаар хийсэн хамгийн тодорхой мэдэгдэлд тооцогдож байна.

Ням гарагт “CBS” телевизийн ярилцлагын үеэр Байденаас АНУ-ын хүчин Тайванийг хамгаалах эсэхийг асуухад тэрээр “Тийм ээ, хэрэв урьд өмнө хэзээ ч байгаагүй халдлага болбол” гэж хариулжээ.

Украинаас ялгаатай нь АНУ-ын хүчин Хятадын түрэмгийллийн хариуд Тайванийг хамгаална гэж үү хэмээн тодруулахад Байден “Тийм” гэж хариулсан байна.

Энэ ярилцлага нь АНУ-ын Тайванийн талаар олон жилийн турш баримталж ирсэн бодлогоос давж гарсан бөгөөд арлыг хамгаалахаар АНУ-ын цэргийг илгээх тухай Байдены өмнөх мэдэгдлүүдээс ч илүү тодорхой мэдэгдэл боллоо.

АНУ нь “стратегийн хоёрдмол утгатай” бодлого баримталж ирсэн ба Тайванийн эсрэг дайралтад цэргийн хариу арга хэмжээ авах эсэхээ тодорхой хэлдэггүй байв.

“CBS”-д өгсөн ярилцлагадаа Байден АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмждэггүй, Вашингтон “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталдаг бөгөөд Тайпэйг биш Бээжинг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг гэдгийг дахин мэдэгдсэн байна.

Энэ талаар, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Тайванийн асуудлаарх АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй гэж хариу тайлбар хийжээ.

“Ерөнхийлөгч үүнийг өмнө нь, тэр дундаа энэ оны эхээр Токиод хэлж байсан. Тэрээр Тайванийн асуудлаарх манай улсын бодлого өөрчлөгдөөгүй гэдгийг тухайн үед тодорхой хэлсэн” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Тавдугаар сард Байденаас Тайванийг хамгаалах зорилгоор цэргийн ажиллагаанд оролцоход бэлэн эсэхийг асуухад тэрээр “Тийм ээ… Энэ бол бидний амласан амлалт” гэж хариулж байв.

“CBS” Байдентай өнгөрсөн долоо хоногт ярилцлага хийсэн бөгөөд ерөнхийлөгч даваа гарагт Хатан хаан II Элизабетын оршуулах ёслолд оролцохоор Их Британид айлчилжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet