COVID-19

Хятад: Ковидын тусгаарлалтын төв рүү явж байсан автобус осолдож, 27 хүн нас барж, 20 хүн шархаджээ

Хятадад Ковид-19-ийн тусгаарлалтын газар руу хүмүүсийг тээвэрлэж явсан автобус осолдож, 27 зорчигч амиа алдаж, 20 хүн шархаджээ.

Осол ням гарагийн өглөө баруун өмнөд хэсгийн Гуйжоу мужийн хурдны зам дээр болсон байна.

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.

Осол болсон мужид халдварын тоо огцом нэмэгдсээр бямба гарагт 712 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь Хятад улсын нийт тохиолдлын 70 орчим хувийг эзэлж байгаа аж.

Энэхүү осол нь Хятадын “тэг Ковид” бодлогыг эсэргүүцэж буй хүмүүсийн уур хилэнг улам бадрааж, “WeChat” платформ дээрх эсэргүүцлийн сэтгэгдлүүд олон мянган хандалт авчээ.

“Тэг Ковид” бодлогын хүрээнд олон нийтийг хамарсан шинжилгээний ажил, өргөн хүрээний тандалт судалгаа явуулахаас гадна шинжилгээгээр эерэг гарсан хүмүүс болон тэдний ойрын хавьтал болсон хүмүүсийг гэртээ эсвэл хорио цээрийн газарт тусгаарлагдахыг шаарддаг.

Мөн цөөн хэдэн тохиолдол илрэхэд бүтэн хотын хэмжээнд хөл хорио тогтоох магадлалтай байдаг бол Бээжингийн 21 сая гаруй оршин суугч олон нийтийн барилга байгууламж, хүнсний дэлгүүрүүд рүү нэвтрэхийн тулд гурван өдөр тутам ПСР-ын шинжилгээ өгдөг байна.

Дэлхийн бусад улс орнууд ковидтой зохиож амьдрахад суралцаж байгаа энэ үед Хятад улс вирусийн эсрэг тэмцлийг чухалчилж буй цорын ганц томоохон эдийн засагтай орон болжээ.

Таван жил тутамд болдог Коммунист намын их хурал аравдугаар сард болох бөгөөд тус улсын эрх баригчид уг хурлаар цаашдын ковидын бодлогыг хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet