ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украинд холын зайн тусгалтай пуужин нийлүүлэхгүй байхыг Орос АНУ-д анхаарууллаа

Пүрэв гарагт Оросын Гадаад хэргийн яам хэрэв АНУ Киевт холын зайн тусгалтай пуужин нийлүүлбэл “улаан шугам”-ыг давах болно гэж анхааруулсан байна.

“Орос улс нутаг дэвсгэрээ хамгаалах эрхтэй… Хэрэв Вашингтон Киевт холын тусгалтай пуужин нийлүүлэхээр шийдвэл энэ нь улаан шугамыг давж, мөргөлдөөнд шууд оролцогч тал болно” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Харин АНУ-ын албаны хүн Украин пуужинг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх зорилгоор ашиглахгүй гэж амласан болохыг онцолсон байна.

Вашингтон Украинд “Himars” хөөргөх төхөөрөмжид ашиглах боломжтой “GMLRS” дэвшилтэт пуужингуудыг нээлттэйгээр нийлүүлсэн бол уг пуужин нь 80 км хүртэлх зайд онох чадвартай аж.

“Himars” хөөргөгчийг мөн 300 км хүртэлх тусгалтай “ATACMS” тактикийн пуужингуудыг харвахад ашиглаж болдог байна. Наймдугаар сарын 19-нд Украины өндөр албан тушаалтан Украинд ийм төрлийн пуужин байгаа эсэхийг хэлэхээс татгалзсан юм.

Наймдугаар сарын есөнд Украины хяналтад байдаг хамгийн ойрын нутаг дэвсгэрээс 200 км-ийн зайд оршдог Крымийн хойг дахь Оросын агаарын цэргийн баазад гарсан халдлагад Украин болон Оросын талууд бүрэн тайлбар хийхээс татгалзсан хэвээр байгаа юм.

Украин өнгөрсөн хоёрдугаар сард Оросын зэвсэгт хүчин тус улсад нэвтэрснээс хойш АНУ болон барууны бусад холбоотнуудаас их хэмжээний зэвсэг хүлээн авсан.

Өнгөрсөн сард АНУ Украинд гурван тэрбум долларын шинэ цэргийн тусламж үзүүлэхээ зарласан нь түрэмгийллээс хойших АНУ-аас Украинд үзүүлж буй хамгийн том тусламжийн багц байв. “Reuters”-ийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинд нийтдээ 10.6 тэрбум ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлээд байна.

Үүний зэрэгцээ, лхагва гарагт Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби АНУ ойрын өдрүүдэд Украинд нийлүүлэх шинэ тусламжийн багцаа зарлана гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet