ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын засгийн газар дэвшилтэт технологийн компаниудыг Хятадын нутаг дэвсгэрт үйлдвэр барихыг 10 жилээр хориглолоо

Байдены засаг захиргаа Холбооны санхүүжилт авсан АНУ-ын технологийн компаниудыг Хятадад “дэвшилтэт технологийн” байгууламж барихыг 10 жилийн хугацаатайгаар хориглолоо.

Энэ нь дотоодын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг бий болгоход чиглэсэн 50 тэрбум долларын төлөвлөгөөний нэг хэсэг аж.

Бичил чипний хомсдолтой тулгарсны улмаас үйлдвэрлэл нь удаашралд ороод байгаа бизнесийн байгууллагууд засгийн газраас илүү их дэмжлэг үзүүлэхийг шаардсантай холбоотойгоор дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.

АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Жина Раймондо “Үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахгүйн тулд хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, холбооноос чипний үйлдвэрлэлд санхүүжилт авсан аж ахуй нэгжүүд арван жилийн хугацаанд энэ мөнгөөр ​​Хятадад хөрөнгө оруулалт хийх эрхгүй, Хятадад дэвшилтэт технологийг хөгжүүлэх боломжгүй” гэж тайлбарлав.

Түүний хэлснээр санхүүжилт авсан компаниуд зөвхөн Хятад дахь бүрэн гүйцсэн угсрах үйлдвэрүүдээ өргөжүүлэх боломжтой байна.

АНУ, Хятад улсуудын худалдаа, технологийн салбарын маргаан удаан үргэлжилсэн.

Наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ технологийн давуу талаа Хятадад алдаж байна гэсэн болгоомжлолын үүднээс дэвшилтэт технологийн үйлдвэрлэл, шинжлэх ухааны судалгаанд 280 тэрбум доллар зарцуулах тухай хуульд гарын үсэг зурсан бөгөөд уг хөрөнгө оруулалтад АНУ-ын нутаг дэвсгэрт чипний үйлдвэр барьж буй компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг багтааж байв.

Одоогийн байдлаар АНУ нь автомашинаас эхлээд гар утас хүртэлх төхөөрөмжийн гол түлхүүр хэсэг болох хагас дамжуулагчийн дэлхийн нийлүүлэлтийн 10 орчим хувийг үйлдвэрлэж байгаа бол энэ нь 1990 онд бараг 40 хувьтай байжээ.

Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам хагас дамжуулагчийн тухай хуулийн төслийг “Хүйтэн дайны үеийн сэтгэхүй”-г санагдуулам гэж тодорхойлов.

Үүний зэрэгцээ, энэ сарын эхээр АНУ-ын албаны хүмүүс “Nvidia” болон “AMD”-г хиймэл оюун ухаант чипүүдээ Хятадад худалдаалахаа зогсоохыг шаардсан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet