ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 46-д хүрчээ

Хятадын баруун өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 46-д хүрчээ.

6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт Кандинг хотоос зүүн өмнө зүгт 43 км зайд есөн км-ийн гүнд болсон гэж АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээлсэн байна.

Хятадын төрийн CCTV телевизийн мэдээлснээр Яань хотод 17 хүн, хөрш Ганзи мужид 29 хүн нас барсан бол даваа гарагийн орой өөр 16 хүн сураггүй алга болж, 50 хүн шархадсан байна.

Газар хөдлөлтийн чичиргээ ковидын хатуу хөл хорионд орсон, Сычуань мужийн төв Ченду болон ойролцоох Чунцин хотын сая сая оршин суугчдад мэдрэгджээ. Мөн хөрсний гулгалт үүсэж дор хаяж нэг тосгон их хэмжээний хохирол амссан байна.

Хот хоорондын нэг зам хаагдаж, 10,000 гаруй хүн амьдардаг бүсэд харилцаа холбооны шугамууд тасарч, Ганзи, Яань дахь зарим цахилгаан станцууд ажиллагаагүй болсон аж.

Хятадын газар хөдлөлтийн төвийн интернэтэд байршуулсан бичлэгээс харвал утасны шугам ганхаж, чичиргээний улмаас Лудинг тойргийн уулын энгэрээс чулуу нурж, агаарт их хэмжээний тоос босгож байжээ.

Газар хөдлөлтийн чичиргээ ойролцоох газруудад хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна. Мөн “USGS”-ийн мэдээлснээр анхны газар хөдлөлтөөс хойш цаг хүрэхгүй хугацааны дараа Төвөдийн зүүн хэсэгт 4.6 баллын бага хэмжээний чичиргээ болжээ.

Газар хөдлөлтийн голомт руу олон зуун аврах ажилтныг илгээсэн бөгөөд аврах ажиллагаанд туслуулах зорилгоор 1,000 гаруй цэргийн алба хаагчийг дайчилсан гэж Сычуаны газар хөдлөлт судалгааны алба мэдэгдэв.

2008 онд Сычуань мужид 8.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, олон арван мянган хүн амь үрэгдэж, асар их хохирол учирч байжээ.

Үүний зэрэгцээ, тус мужийн төв Ченду хотын эрх баригчид коронавирусийн тохиолдол нэмэгдэж байгааг харгалзан ням гарагт хотын хөл хориог дахин сунгасан байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet