ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос улс Украин дахь эзлэгдсэн бүс нутагт хийхээр төлөвлөж байсан бүх нийтийн санал асуулгаа хойшлуулжээ

Украины өмнөд хэсгийн Херсон хотын Оросын талаас томилсон эрх баригчид аюулгүй байдлын үүднээс Орост нэгдэх тухай бүх нийтийн санал асуулгыг хойшлуулжээ.

Херсон хотын захиргааны орлогч дарга Кирилл Стремусов “Аюулгүй байдлын нөхцөл байдлын улмаас санал асуулгыг түр зогсоож байна” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Украины зэвсэгт хүчний хүчтэй довтолгооны улмаас Херсоны гол гүүр нэвтрэх боломжгүй болжээ.

Орос тус бүсийн өмнөд хэсгийн Запорожье мужид бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан бөгөөд одоогийн байдлаар эдгээр бүс нутгийн ихэнх хэсгийг хяналтандаа байлгаж байна.

Стремоусов Украины хүчин их буугаар гал нээсний улмаас Херсоны Антоновскийн гүүр ихээр гэмтэж, машинууд гүүрээр дамжин өнгөрөх боломжгүй болсон, мөн Днепр голоор энгийн иргэдийг тээвэрлэдэг хөлөг онгоцнууд Украины галд өртсөн гэж Оросын төрийн телевизээр ярьжээ.

Оросын хүчин уг гүүрийг ашиглан Херсон руу цэрэг, техник хэрэгсэл тээвэрлэдэг байна.

Украины цэргүүд сөрөг довтолгоогоо эхлүүлэхдээ түрэмгийллийн эхэн үед Оросын хяналтанд орсон Херсон хотыг онилсон бөгөөд түрэмгийлэгчдийг хотоос шахан гаргахын тулд АНУ-д үйлдвэрлэсэн “Himars” олон пуужин харвагчийг ашигласан.

Украины Шадар сайд Ирина Верещук тус ​​бүс нутагт тулаан ширүүсэж байгааг харгалзан энгийн иргэдийг Херсон хотоос гарахыг уриалаад, бүх нийтийн санал асуулгад оролцсон хэн бүхэнд Украины зүгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэж болзошгүйг анхааруулсан байна.

Орос улс Херсоноос гадна, 2014 онд Крымийн хойгийг эзлэн авсныхаа дараа зохион байгуулсантай адил бүх нийтийн санал асуулгыг Украинаас эзэлж авсан бусад бүс нутагт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлаад байгаа.

Гэвч Украин болон түүний барууны холбоотнууд Херсон болон бусад бүс нутагт бүх нийтийн санал асуулга явуулах төлөвлөгөөг хууль бус хэмээн буруушааж байна.

Цэргийн эзлэн түрэмгийллийн дор 2014 онд болсон Крымийн санал хураалтыг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet