ЭРҮҮЛ АМЬДРАЛ

Эрүүл мэндээс илүү үнэтэй ТАМХИ

  1. Тамхины хэрэглээ, тархалт

Урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой халдварт бус өвчний эрсдэлт 4 гол хүчин зүйлийн нэг нь тамхи юм. ДЭМБ-ын шаталсан судалгааны аргачлалын дагуу Монгол улсын 15–64 насны хүн амыг хамруулсан “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох үндэсний IV судалгаа”-ны үр дүнгээр хүн амын тамхины хэрэглээ 24,2%-тай, үүнээс эрэгтэйчүүд 43.7%, эмэгтэйчүүдийн 5.0% нь тамхи хэрэглэж байна. Хүйсийн ялгаатай байдлаар авч үзэхэд эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ эмэгтэйчүүдээс даруй 8–9 дахин байна. Судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 3 нь (32.8%) гэрийн дотоод орчинд, 4 хүн тутмын 1 нь (22.6%) ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна.

Монгол улс ДЭМБ болон Америкийн Нэгдсэн Улсын Өвчин Судлалын Төвөөс хамтран боловсруулсан судалгааны нэгдсэн аргачлалаар “Дэлхийн залуучууудын тамхины судалгаа” (2019 он)-р сурагчдын 14,1 хувь нь одоогоор ямар нэгэн тамхи татдаг байна  Нийт сурагчдын 8.2% нь утаагүй тамхин бүтээгдэхүүн татдаг, сурагчдын 42.1% нь ямар нэг хэмжээгээр утаагүй тамхийг хэрэглэж үзсэн, хүүхдүүдийн 3.5% нь электрон тамхи хэрэглэж байна. Нийт сурагчдын 6.1 %, үүнээс эрэгтэй сурагчдын 6.4%, эмэгтэй сурагчдын 4.1% нь өдөрт 6 ба түүнээс дээш ширхэг янжуур өдөр бүр тогтмол хэрэглэдэг эрсдэлтэй байна. Сурагчдын 82,9 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг, 5,4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр тамхийг үнэгүй авсан.

Дээрх судалгаануудад хамрагдсан өсвөр насныхны 85.6% нь, насанд хүрэгсдийн 40.6% нь тамхиа хаях оролдлого хийсэн байгаа бөгөөд тамхи хаяхыг хүсэх, оролдлого хийх хувь өмнө онуудтай харьцуулахад харьцангуй тогтмол байгаа эерэг үзүүлэлт юм. Гэхдээ насанд хүрэгсдийн  4.6% нь л тамхинаас гарчээ.

Түүнчлэн нийт сурагчдын 52.3% нь сүүлийн 7 хоногт олон нийтийн газрын дотор хаалттай орчинд тамхины утаанд өртөж байсан бол тэдний 84.3% нь олон нийтийн газруудын дотор талд, 82.8% нь олон нийтийн газруудын гадна талд тамхи татахыг хориглохыг дэмжсэн байна.

Сүүлийн 30 хоногт тамхи татдаг сурагчдын 69.4% нь, насанд хүрэгчдийн 88.0% нь тамхины хайрцаг дээрх эрүүл мэндийн сэрэмжлүүлгийг анзаарч харсан, тамхи татдаг нийт сурагчдын 42.8% нь, насанд хүрэгчдийн 59.7% тамхи татахаа болих тухай бодсон байна.

Судалгаагаар ирээдүйд тамхины хэрэглээнд өртөх магадлалтай байдлыг өмнө нь тамхи татаж үзээгүй сурагчдын дунд тодруулахад тэдний 29.4%, үүнээс хөвгүүдийн 36.1%, охидын 25.0% ямар нэг хэмжээгээр цаашид өртөх магадлалтай гэсэн хариултыг өгсөн байна. Тамхины хор хөнөөлийн талаарх мэдээллийг дөнгөж 68,1 хувь нь телевиз, видео бичлэг, киноноос авсан дүн гарчээ.

Манай улсад тамхины импортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. 2018 онд нийт 2055 сая ширхэг янжуур тамхи импортолж байсан бол 2021 онд 3069 сая ширхэгт хүрч өссөн байна. Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энгийн тамхинд донтолт үүсгэдэг никотин дунджаар 13.3–15.4мг агуулагддаг бол электрон тамхины найрлагад никотин 0,5–15.4мг агуулагддаг байна. Мөн электрон тамхинд ууршимтгай органик уусгагч, никель, хар тугалга г.м. хортой химийн нэгдлүүд, диацетил г.м. амт оруулагч зэрэг хортой бодисууд агуулагдаж байдаг. Тамхины орц, найрлагыг өөрчилснөөр тамхины хорт шинж чанарыг багасгаж болдог гэсэн ташаа  ойлголт мөн түгээмэл байна. Тамхинд никотины хэмжээг багасгаснаар тамхи бага хортой болдог талаар шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо олон улсын хэмжээнд байхгүй бөгөөд энэ аргыг тамхи үйлдвэрлэгч өөрсдийн бүтээгдэхүүнээ олноор нь борлуулах нэг маркетингийн арга болохыг ДЭМБ-аас улс орнуудад анхааруулсан байдаг.

  1. Эдийн засаг, хууль эрх зүй болон бусад салбарт нөлөөлөх нь

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ-аас хамтран 2021 онд хийсэн ”Тамхины хяналтын суурь конвецийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны эдийн засгийн загварчлал”-ын үр дүнгээс харахад Монгол Улс эрүүл мэндийн салбарын нийт зардлын 8,7 хувийг тамхи, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээ, оношлогоонд зарцуулж байна. Мөн батлан хамгаалах салбартаа 275 тэрбум төгрөгийг жилд зарцуулж байхад тамхинаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх дарамт түүнээс 3,5 дахин их буюу 875 тэрбум төгрөгийг зарцуулж байна гэсэн нь асар өндөр зардал болохыг харуулж байна.

Тамхидалттай тэмцэх асуудал зөвхөн эрүүл мэндийн асуудал төдий бус бүхэл бүтэн улс, үндэстний төдийгүй дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудал болж байгааг харгалзан үзэж дэлхий дахинд тамхины тархалт, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор ДЭМБ-ын санаачлагаар 1999 оноос эхлэн “Тамхины хяналтын суурь конвенц”-ийг боловсруулан 2003 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 56 дугаар Чуулганаар  ДЭМБ-ын Гишүүн 192 орон санал нэгтэй баталсан билээ.

Манай Улс “Тамхины хяналтын суурь конвенц”-д 2003 онд, тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд 2014 онд тус тус нэгдэж, өөрийн орны тамхины хяналтын хуулиндаа удаа дараа нэмэлт өөрчлөлт оруулж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө засгийн газар хүчин чармайлт гаргаж ирсэн.

2020–2021 онд Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн Тамхины хяналтын суурь конвецийн хөрөнгө оруулалтын үр өгөөж судалгааны дүнгээс харахад жил бүр тамхинаас шалтгаалсан 4300 нас баралт байгаа нь 70 аас доош насны нас баралтын 72 хувийг эзэлж, нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна. Тамхитай холбоотой эрүүл мэндийн нийт зардал нь жилд 857 тэрбум төгрөг (Дотоодын нийт бүтээгдэхүүний 2,3 хувь) зарцуулж байгаагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шууд зардал нь 143 тэрбум төгрөг, шууд бус өртөг нь (эрт нас баралт, тамхинаас үүдэлтэй өвчний улмаас ажилдаа ирэхгүй байх, хөдөлмөрийн чадвар буурах г.м) 714 тэрбум гэж гарсан байна.

Дэлхийн олон улс оронд тамхины тариалалт нь биологийн төрөл зүйлийн хорогдол, ургамлын аймгийн өөрчлөлтөд хүргэж;  тамхины навчийг хатаах түлш гаргаж авах, тариалангийн талбай чөлөөлөх буюу удаан ашигласан талбайн хөрсөн дэх шим тэжээл хорогдсоны улмаас шинээр талбай чөлөөлөх зорилгоор жил бүр тамхины 600 сая мод, 200 мянган га газар талбай устдаг байна. Дэлхийн мод устах шалтгааны 5% нь амхины тариалалтаас үүсдэг ба 15 хайрцаг тамхи үйлдвэрлэхэд 1 мод устдаг. Тамхи үйлдвэрлэл нь мөн хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг ихэсгэдэг байна. Дунджаар 1 ширхэг тамхи үйлдвэрлэхэд 14 грамм хүртэлх хэмжээтэй нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг ба энэ нь жил бүр 84 сая тонн нүүрсхүчлийн хийг агаарт ялгаруулдаг гэсэн үг. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртдөг улс орнуудын тоонд багтдаг. 1 ширхэг тамхи нь үйлдвэрлэхэд 3.7 литр усыг зарцуулдаг ба тамхины үйлдвэрлэл жилд 22 тэрбум тонн хэмжээний ус ашигладаг гэсэн үг юм. Жилд 4.5 их наяд тамхины иш хөрсөнд ил задгай хаягддаг ба энэ нь 0.7 тэрбум тонн хэмжээний хог хаягдал гэсэн үг юм. Тамхины иш нь бүрэн задрах хүртлээ хэдэн арван жилийг зарцуулдаг ба энэ хугацаанд өөрт агуулагддаг олон төрлийн химийн бодисуудыг хүрээлэн буй орчинд тасралтгүй ялгаруулж, хөрс, усны бохирдлыг үүсгэж байдаг.

  1. Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө болон дам тамхидалт

Хүн никотин хэрэглэх үед эндорфин бага зэрэг, богино хугацаанд огцом өсдөг. Никотин нь тархинд допамины түвшинг нэмэгдүүлдэг. Энэ нь хүмүүсийн никотин агуулсан бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хэрэглэх хүслийг өдөөдөг. Никотиныг олон удаа хэрэглэх нь стресс, суралцах, өөрийгөө хянах тархины хэсгүүдийг өөрчилдөг. Эдгээр өөрчлөлтүүд нь хүнийг донтолтод илүү өртөмтгий болгодог. Никотины тааламжтай мэдрэмж удаан үргэлжилдэггүй. Энэ нь хүн никотиныг дахин яаралтай хэрэглэх хүсэл төрөх шалтгаан болдог. Никотины хагас задралын хугацаа хоёр цаг байна. Энэ нь никотины тунгийн тал хувь нь биеэс гарахад хоёр цаг зарцуулдаг гэсэн үг юм. Гэхдээ энэ хугацаа нь тухайн хүнээс хамаарч нэгээс дөрвөн цагийн хооронд хэлбэлзэж болно.

Янжуур болон электрон тамхи татах нь ижилхэн байдлаар дам тамхидалт болон хоёрдогч тамхидалтыг үүсгэдэг. Эдгээр нь ойролцоогоор 7000 гаруй хортой нэгдлүүдийг үүсгэдэг ба эдгээрийн 69 нь хүн эсвэл амьтанд хорт хавдар үүсгэх боломжтой гэж судалгаагаар тогтоогдсон байна. Жишээлбэл арсеник (пестицидийн найрлагад), хар тугалга (будагны найрлагад), полониум-210 (радиоактив элемент), формальдегид, бензен гэх мэт.

Электрон тамхины хувьд “шингэн”-ийг халаах замаар ууршуулж үүнийг нь сорж буцаан гадагшлуулдаг. Найрлагандаа пропилен гликол ба глицерин, төрөл бүрийн амт оруулагч, ус, никотин агуулдаг.  Тухайн электрон тамхийг сорж амьсгал гадагшлуулахад аэрозол үүсдэг ба ингэснээр шингэн дэх бодисууд өрөөний дэгдэж дам тамхидалтыг үүсгэдэг.

Электрон тамхийг хэрэглэж байх үед амьсгал гадагшлахад пропилен гликол ба глицерин нь харагдахуйц утааг үүсгэдэг. Үүний найрлагад хэт нарийн ширхэгтэй тоосонцрууд үүсдэг бөгөөд үүний найрлага нь тамхины утаанаас өөр боловч, агууламжийн хувьд их байдаг.  

Олон улсын хавдрын агентлагаас 2013 онд РМ2.5‑ийг маш жижиг хэмжээтэй, амьсгалын замаар саадгүй нэвтэрч, уушгины альвеолоор дамжин цусны эргэлтэд орж хүнд хорт хавдар үүсгэх боломжтой нэгдэл гэж тодорхойлсон байдаг. Гэтэл электрон тамхины аэрозол дах хэт нарийн ширхэглэгт тоосонцорууд нь үүнээс жижиг хэмжээтэй байгааг дээрх зурган дээрээс харж болох ба энэ нь эрүүл мэндэд илүү хортой байх эрсдэлтэй юм. Тоосны ширхэгийн хэмжээ том байх тусам бие махбодь өөрийн хамгаалах тогтолцоогоор оруулахгүй байж чаддаг байна. (Жишээлбэл шоорон шуургатай үед хамар битүүрэх буюу хамрын эсүүд нь хаалт хийж буцааж байгаа байдлаар)

Хэдийгээр пропилен гликол ба глицериныг хүнсний нэмэлтэд хэрэглэдэг боловч , амьсгалаар хүний биед орж байгаа тохиолдолд эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар урт хугацааны судалгаа хийгдээгүй байна. Гэвч ажил мэргэжилтэй холбоотой судалгаануудад шоу, тоглолт зэрэг энтертайнмент салбарын ажилтнууд (баар, рестораны зөөгч нар, DJ, бармен болон бусад) бусад салбарын ажилтнуудтай харьцуулахад пропилен гликол агуулсан аэрозольд байнга өртдөгтэй холбоотойгоор амьсгалын замын цочрол, уушгины үйл ажиллагааны алдагдалд илүү их өртөж өвддөг байна.

Мөн зарим судалгаануудад богино хугацаанд хордоход нүд, амьсгалын замын цочроож байсан байна.  (Никотин агуулсан электрон тамхи хэрэглэсэн үед дотоод орчны агаарт никотин байгааг хэд хэдэн судалгаагаар тогтоосон байна. Жишээлбэл аэрозол дахь никотин нь электрон тамхи татсанаас хойш таван минутын дараа өрөөний агаарт азотын дутуу исэл (NO) нэмэгдэхэд хүргэдэг.

  Германы Дотоод орчны эрүүл ахуйн комисс (IRK) электрон тамхи нь ердийн тамхитай ижил хор хөнөөлтэй бөгөөд электрон тамхи нь хийн органик бодисоор дамжин дотоод орчны агаарын бохирдолыг нэмэгдүүлж, дам тамхидалт болон гуравдагч тамхидалтыг үүсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Эх сурвалж: НЭМҮТ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet