ЗӨВЛӨГӨӨ

Цусны бүлэгнэл ба Ковид: Дөрөвдүгээр эмнэлгийн эмч А.Гиймэлийн зөвлөгөө

Гэрэл зургийг MPA.mn

Цус өтгөрөлт ба Ковид19-н хамаарлын талаар Дөрөвдүгээр эмнэлэгийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга А.Гиймэлийн зөвлөлөөг хүргэж байна.

-Цусны бүлэн гэдэг нь цусны судас гэмтэх эсвэл ямар нэгэн үрэвслийн үед цус бүлэгнэлтийн факторуудын тусламжтайгаар ялтас эс буюу тромбоцит гэх цусны эсээс болж үүсдэг. Үндсэн зорилго нь гэмтсэн судсаар цус алдуулахгүй, хурдан хугацаанд бүлэн үүсгэж, онгорхой шархыг бөглөх үүрэгтэй. Зарим хүнд дээр дурдсан бүлэгнэлтийн факторуудын дутмагшилаас болоод цус ихээр алдах, цус гоожихгүй шинж үүсдэг эмгэгүүд тохиолддог.

Ковид 19-ийн халдварын үед болон дараа үүсэж байгаа цусны бүлэнгийн талаар судлаж бүрэн дуусаагүй, эцсийн дүгнэлт мэдээлэл гараагүй байгаа. Ковид 19-р хүндэвтэр, маш хүнд гэсэн оноштойгоор эмнэлэгт хандсан хүмүүсийн 14%-20% нь цусны бүлэгнэл үүсэх риск өндөр байсан гэсэн статистик мэдээлэл одоогоор байна.

Бидний биед гадны вирус орж ирж нилээн хүчтэй үрэвслийн урвал өдөөснөөс болж цитокины шуурга буюу үрэвсэл маш хүчтэй явагддаг. Энэ үед үрэвслийн дохио хүлээн авсан цусны эсүүд ихээр идэвхжих, вирус ихээр гэмтээж байгаа хэсэгт хүчтэй урвалууд явуулснаар бүлэн үүссэн гэсэн судалгаа байна. Түүнчлэн хүний биед анх удаа Ковид 19-н вирус орж байгаа үед энгийн томуугийн вирусыг бодвол илүү эрчимтэй дархлааны урвал өрнөж, үрэвсэл маш хүнд явагдаж байсныг тэмдэглэсэн байна. Тэр тусмаа эмнэлэгт хэвтэж бхдаа хүчилтөрөгчөөр амьсгалж байсан, сэхээнд орсон хүмүүст бүлэн үүсэх нь бүр их тохиолдсон гэжээ.

Мэдээж эрүүл хүнд бүлэн үүсэх магадлал тун бага. Суурь хүнд өвчтэй хүмүүс, ахмад насны хүмүүс, хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин гэх мэт олон өвчин дурьдагдсан байна. Дээр нь нэмээд цус бүлэгнэлтийн факторын өвчин. Тэгэхээр өмнө нь суурь өвчтэй бсан хүн Ковид 19-н халдвар авсан тохиолдолд заавал эмчтэйгээ сайн зөвлөлдөж байж цус шингэрүүлэх эм тодорхой хугацааны туршид хэрэглэх хэрэгтэй. Дур мэдэн цус шингэлэх эм ууж хэрхэвч болохгүй.

Ковидын халдвар авчихлаа, одоо яаж цусны бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэх үү гэж үү?

– Хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид ханд,

– Хэрвээ хөнгөхөн туссан ч архаг суурь өвчтэй , эсвэл зүгээр л санаа чинь зовоод байгаа бол бас дахин эмчид ханд,

– 2 цаг тутамд босож алх, хөнгөн хөдөлгөөн хийх,

– Хангалттай хэмжээний шингэн зүйл уух хэрэгтэй.

Мөн цусны бүлэн үүсч байгаа үед илрэх шинж тэмдгүүдийг мэдэж байх хэрэгтэй.

– Ямар нэгэн гэмтэл аваагүй атлаа мөчдүүд хэсэгчилж хавагнах, өвдөх, хүрэхэд хөндүүр болох, арьсны өнгө нь өөрчлөгдөх, улайх,

– Хэрвээ уушгинд бүлэн үүссэн бол хэвийн суух үед амьсгалахад бэрх болох,

– Гүнзгий амьсгал авах үед цээжээр өвдөх,

– Гүнзгий амьсгаа авах үед ханиалгах, цустай ханиах, зүрхний цохилт хэвийн үеийнхээ хурдан , хэмгүй цохилох гэх мэт шинж тэмдгүүдээр илэрнэ.

Эмч цус шингэлэх эм бичиж өгөөгүй л бол дур мэдэн хамаагүй эм уухгүй байх хэрэгтэй. Учир нь эм хэтрүүлэн хэрэглэснээс болж үүсэх эрсдэл нь бүр аюултай байдаг. Хуруугаа эсгээд цус нь тогтохгүй байсаар байгаад амь нас эрсдсэн тохиолдол байдаг шүү. Болгоомжтой хандах хэрэгтэй.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet