ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадын эсэргүүцлийг үл харгалзан АНУ-ын Тайвань дахь айлчлал үргэлжилсээр байна

Хятадын шахалтыг үл харгалзан АНУ-ын Сенатын Худалдаа, Зэвсэгт хүчний хорооны хууль тогтоогч пүрэв гарагт Тайваньд хүрэлцэн иржээ. Энэ нь наймдугаа сард АНУ-ын төрийн өндөр албан тушаалтны тус аралд хийж буй гурав дахь удаагийн айлчлал юм.

Сенатор Марша Блэкберн Америкийн цэргийн нисэх онгоцоор Тайванийн нийслэл Тайпейд хүрэлцэн ирж байгааг нисэх онгоцны буудлаас шууд дамжуулсан байна. Түүнийг Тайванийн Гадаад хэргийн яамны Дуглас Ху угтан авжээ.

Блэкберн мэдэгдэлдээ “Тайван бол Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь бидний хамгийн хүчтэй түнш юм. Тайпэйд тогтмол өндөр түвшний айлчлал хийх нь АНУ-ын урт хугацааны бодлого байсаар ирсэн. Коммунист Хятад биднийг арлаас нүүр буруулахыг хүчилж чадахгүй” гэж хэлжээ.

Тайванийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр Блэкбернийн айлчлал бямба гарагт дуусах бөгөөд энэ хугацаанд тэрээр Ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй, мөн аюулгүй байдлын дээд албан тушаалтан Веллингтон Коо, Гадаад хэргийн сайд Жозеф Ву нартай уулзахаар төлөвлөсөн байна.

Яамны мэдэгдэлд дурдсанаар талууд Тайвань болон АНУ-ын аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа зэрэг асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцох гэнэ.

Уг айлчлалын асуудлаар АНУ дахь Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю “АНУ-ын өдөөн хатгалга”-ын хариуд Бээжин тодорхойгүй “шийдэмгий хариу арга хэмжээ” авна гэж анхааруулсан байна.

Тэрээр “Америкийн тал Тайванийн хоолойд тогтвортой байдлыг хүсэхгүй байгаа бөгөөд хоёр талын хооронд сөргөлдөөнийг өдөөж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох хүсэлтэй байгааг дахин нотолж байна” гэж мэдэгджээ.

Теннесси мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Блэкберн өмнө нь Төлөөлөгчдийн танхимын Нэнси Пелосигийн айлчлалыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан.

Пелосигийн айлчлалаас долоон өдрийн дараа АНУ-ын өөр таван хууль тогтоогч Тайваньд айлчилсан бөгөөд Хятадын арми Тайванийн ойролцоо дахин сургуулилалт хийж хариу арга хэмжээ авсан юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet