ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дуучин Psy-ийн компани тоглолтын арын албанд ажиллаж байсан монгол залуугийн нас барсан хэрэгт шалгагдаж байна

Дуучин Psy-ийн тоглолтын дараа тайз заслыг буулгах үеэр арын албанд ажиллаж байсан монгол ажилтан нас барсан хэрэгт “P Nation” менежментийн компанийг шалгаж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн яам пүрэв гарагт мэдэгдэв.

Тус яамны Ганвон муж дахь салбар пүрэв гарагийн 09:30 цагийн орчимд Сөүлийн өмнөд хэсэгт байрлах “P Nation” компанийн төв оффис болон туслан гүйцэтгэгч компаниудад нэгжлэг хийж эхэлсэн байна.

Долдугаар сарын 31-нд Ганвон мужийн зүүн эргийн Каннөн хотод болсон Psy-ийн тоглолтын дараа тайз, заслыг буулгах ажилд оролцож байсан 20 гаруй насны монгол залуу өндрөөс унаж нас барсан. “P Nation”-ын туслан гүйцэтгэгч компани хохирогчийг тайзны ард ажиллуулахаар хөлсөлсөн байжээ.

Тухайн үед бороотой, цаг агаар тааламжгүй байсан ч хохирогч унахдаа аюулгүй ажиллагааны хэрэгсэлгүй байсан нь тогтоогдсон.

Солонгосын Аж үйлдвэрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар бороо, цас болон бусад тогтворгүй нөхцөл байдлын улмаас цаг агаар муу байгаа үед гадаах орчны ажлыг зогсоох ёстой байдаг.

Хөдөлмөрийн яам дээрх хуулийг зөрчсөн хэргээр “P Nation”-д нэгжлэг хийх зөвшөөрлийг шүүхээс авсан байна. Мөн энэ оны нэгдүгээр сард хүчин төгөлдөр болсон Гамшгийн ноцтой шийтгэлийн тухай хуулийг зөрчсөн хэргээр “P Nation”-ийг шалгаж магадгүй гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Psy нь “P Nation”-ийн 60 хувийг эзэмшдэг боловч тус компанийг өөр хүн удирддаг байна. Тиймээс дуучныг ажилтны амь нас хохирсон хэргээр хэрэгт татах магадлал тун бага гэж албаныхан таамаглаж байна.

Арваад жилийн өмнө “Gangnam Style” дуугаараа олон улсад алдартай болсон Psy энэ жил шинэ цомгоор эргэн ирж, зун Сөүл, Пусан, Инчон, Дэгү, Каннөн болон бусад томоохон хотуудад шоу тоглолт зохион байгуулжээ.

Эх сурвалж: Yonhap

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet