ДЭЛХИЙН МЭДЭЭ

Умардын зүгээс далавчит пуужин харвасны дараа БНСУ хэлэлцээр хийхийг уриаллаа

Лхагва гарагт Пхеньян далай руу хоёр далавчит пуужин харвасны дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийхийг уриалжээ.

Юныг албан тушаалаа хүлээн авснаас хойш 100 өдөр өнгөрсөн бөгөөд энэ өдөр тэрээр өргөн хүрээний хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр энэ үер пуужингийн талаар огт дурдаагүй ч Хойд Солонгос цөмийн зэвсгийн бүтээн байгуулалтаа зогсоож, цөмийн зэвсгээс татгалзаж эхэлбэл тус улсад үе шаттайгаар эдийн засгийн тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлээд, Пхеньянтай яриа хэлэлцээр хийхийг уриалсан байна.

Тэрээр “Өмнөд болон Умардын удирдагчдын хоорондын аливаа яриа хэлэлцээр эсвэл албан тушаалтнуудын яриа хэлэлцээр нь улс төрийн шоу байх ёсгүй, харин Солонгосын хойг болон Зүүн хойд Азид бодит энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулах ёстой” гэж  мэдэгджээ.

Мөн тэрээр хэрэв цөмийн зэвсгээсээ татгалзахгүй бол Өмнөд Солонгос улс Умардын аюулгүй байдалд баталгаа өгөх боломжгүй гэж хэлээд, Сөүл нь Умардын статус квог хүчээр өөрчлөх санаа агуулаагүй болохыг дахин мэдэгдэв.

Лхагва гарагт болсон Хойд Солонгосын пуужингийн туршилт нь сар гаруйн хугацаанд хийж буй анхны туршилт бөгөөд Өмнөд Солонгос болон АНУ-ын зохион байгуулж буй хээрийн сургуулилалтын өмнөх хамтарсан бэлтгэл эхэлснээс хойш нэг өдрийн дараа болж байна.

Хойд Солонгосын сүүлийн үед хийсэн пуужингийн туршилтууд болон цөмийн зэвсгийн хөгжүүлэлт нь Өмнөд Солонгос улс өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох шаардлагатай эсэх маргааныг дахин сэргээсэн.

Өмнөд Солонгосын тэргүүн энэ талаар “Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээг зөрчихгүй, эцсээ хүртэл баримтлах болно” гэж хэлээд,  таслан зогсоох чадавхаа нэмэгдүүлэхийн тулд АНУ-тай хамтран ажиллаж байгаа гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet