ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Manchester United”-ыг худалдаж авах тухай Илон Маскийн жиргээ хөгжөөн дэмжигчдийг нь бухимдууллаа

Хэдхэн цагийн өмнө дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маск “Manchester United Plc” хөл бөмбөгийн багийг худалдаж авах гэж байгаа тухайгаа “Twitter” хуудсандаа жиргэжээ.

Арав хүрэхгүй жилийн хугацаанд найман дасгалжуулагч солигдсон “Manchester United” багийн зарим хөгжөөн дэмжигчид Маскийн саналыг сайшааж байв.

Гэвч удалгүй энэ бүхэн хошигнол байсныг Маск мэдэгдсэн байна.

Өмнө нь “Manchester United”-ын зарим шүтэн бишрэгчид түүнд тус хөл бөмбөгийн клубийг худалдаж авах талаар бодож үзэхийг санал болгож байсан. Дэмжигчид нь дэлхийн хамгийн том хөл бөмбөгийн клубуудын нэгд хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй байна гэж үздэг бөгөөд үүнд 2005 оноос клубийг эзэмшиж байгаа Америкийн Глейзерийн гэр бүлийг буруутгадаг байна.

Домогт дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон 2013 онд дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгснөөс хойш клуб уналтад орж, “Manchester United” Английн лигийн аварга болж чадаагүй хэвээр байна.

Хойд Англид төвтэй тус баг өөрийн “Twitter” хуудаснаа 32 сая гаруй дагагчтай бөгөөд Маскийн эхний жиргээ зургаан цагийн дотор 500,000 гаруй лайк авчээ.

Харин Маск тоглоом байсныг мэдэгдсэний дараа Унгар дахь хөгжөөн дэмжигчдийн клуб “Илон болон түүний жиргээнүүд бол зүгээр л заль мэх гэдгийг дахин санууллаа. Гэхдээ тэр ’Twitter’-т төлсөн мөнгөнийхөө 1/10-ийг энэ домогт клубийг эзэмшихэд зарцуулсан бол үнэхээр сайхан байх байсан … Бүх фэнүүд Глэйзерсээс залхаж байна” гэж мэдэгджээ.

Өмнө нь Илон Маск “Coca-Cola”-г худалдаж авах тухай жиргэж, хүмүүсээр даажигнаж байсан удаатай.

Мөн тэрээр 2018 онд “Tesla”-г хувийн компани болгохоор зэхэж байгаа гэж мэдэгдсэнийхээ дараа хөрөнгө оруулагчдыг хуурсан гэх үндэслэлээр олон сая долларын торгууль төлж байв.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet