ДЭЛХИЙН МЭДЭЭ

НАСА “Space Launch System” пуужингаа анх удаа хөөргөхөөр бэлтгэж байна

Америкийн сансар судлалын НАСА агентлаг “Space Launch System” (SLS) буюу сансрын хөөргөх систем нэртэй шинэ пуужингаа наймдугаар сарын 29-нд анх удаа хөөргөхөөр бэлтгэж байна.

Пуужинг Флорида дахь Кеннедигийн сансрын төвд байрлах угсралтын байрнаас “Pad 39B” тавцан руу шилжүүлэх ажил мягмар гарагийн орой эхэлжээ. Энэ хоорондын зай ердөө 6.7 км үргэлжлэх боловч ойролцоогоор 100 метрийн өндөртэй аварга том “SLS”-ийг тээвэрлэхэд 1 км/цагаас бага хурдаар зөөх шаардлагатай байдаг аж.

Шилжүүлэх ажил 8-10 цаг үргэлжлэх төлөвтэй байна.

НАСА-ийн мэдээллээр пуужингийн анхны туршилтын нислэгт нисгэгч оролцохгүй байна. Гэхдээ цаашид “SLS”-ээр сансрын нисэгчдийг сарны гадаргуу дээр хүргэх зорилготой. Хамгийн сүүлд саран дээр хүн газардсанаас хойш 50 жил өнгөрсөн бөгөөд энэ 12-р сард ой нь тохиох юм.

НАСА-ийн саран дээр газардах өмнөх хөтөлбөр “Apollo” нэртэй байсан бол шинэ хөтөлбөрөө “Artemis” гэж нэрлэжээ. Грекийн домогт өгүүлснээр Артемис нь Грекийн бурхан Аполлоны ихэр эгч бөгөөд сарны дарь эх юм.

Тус агентлаг “Artemis” хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлснийхээ дараа 2030-аад онд Ангараг гараг дээр газардахаар төлөвлөсөн байна.

“SLS” нь “Apollo” хөтөлбөрт ашигласан “Saturn V” пуужингаас 15 хувиар илүү түлхэх чадвартай аж. Энэхүү нэмэлт хүч нь сансрын нисгэгчдийг дэлхийгээс хол зайд илгээх төдийгүй их хэмжээний тоног төхөөрөмж болон бусад ачааг тээвэрлэх боломжийг олгож, ингэснээр нисэх багийнхан удаан хугацаагаар хол зайд аялах боломжтой байна.

Тийрэх хүчнээс гадна “Orion” нэртэй нисэх багийн капсул 1960, 70-аад оны түүхэн модулиудаас нэг метрээр өргөн байхаар бүтээгджээ.

НАСА-ийн тэргүүн Билл Нелсоны мэдэгдсэнээр пуужингийн дараагийн хөөргөлтийг хоёр жилийн дараа буюу 2024 онд хийж, харин 2025 онд “Artemis 3”-аар саран дээр газардахаар төлөвлөсөн байна.

Уг гурав дахь удаагийн нислэгт эмэгтэй сансрын нисгэгч оролцож, сарны гадаргуу дээр мөрөө гаргах болно гэж НАСА амлаад байгаа билээ.

Анхны нислэгээр “Orion” сарны ар талд хүрээд буцаж дэлхий рүү ирэх бөгөөд туршилтын гол зорилго нь капсул дээрх дулааны хамгаалалт нь дэлхийн агаар мандалд дахин орохдоо халууныг тэсвэрлэж чадах эсэхийг шалгах явдал юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet