ДЭЛХИЙН МЭДЭЭ

Эстони улс ЗХУ-ын үеийн дайны дурсгалуудыг буулгаж эхэлжээ

Эстони улс ЗХУ-ын үеийн дайны хөшөө дурсгалуудыг буулгах шийдвэр гаргажээ. Энэ арга хэмжээ нь “нийгэмд илүү их дайсагналыг өдөөх, хуучин шархыг хөндөхөөс” сэргийлэх зорилготой гэж засгийн газар мэдэгдэв.

Эстони улс нь 1991 онд ЗХУ задран унасны дараа тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй.

Хөшөө дурсгал буулгах ажил мягмар гарагийн өглөө тус улсын Оростой хиллэдэг Нарва хотоос эхэлжээ. ЗХУ-ын үеийн Т-34 танкны хөшөөг буулгаж, Эстонийн дайны музейд байрлуулахаар болсон байна.

Нарва бол Эстонийн гурав дахь том хот бөгөөд хүн амын 97 хувь нь буюу 60,000 орчим хүн орос хэлээр ярьдаг.

Эрх баригчид танкны эргэн тойронд болон бусад орон нутгийн дурсгалт газруудад олон нийтийн нэвтрэх эрхийг хязгаарласан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Оросын Украин дахь түрэмгийлэл нь нэн ялангуяа Нарва хотод хурцадмал байдал үүсгэж болзошгүй хэмээн Эстонийн эрх баригчид болгоомжилж байгаа аж.

Ерөнхий сайд Кажа Каллас мэдэгдэлдээ “Өнгөрсөн түүхийг ашиглан Эстони дахь энх тайван байдлыг алдагдуулах боломжийг Орост олгож болохгүй” гэж мэдэгдэв.

Мөн тэрээр “Нарва дахь дурсгалын газруудын эргэн тойрон дахь хурцадмал байдал, төөрөгдөл хурдацтай нэмэгдэж байгааг харгалзан бид олон нийтийн хэв журам, дотоод аюулгүй байдлыг хангахын тулд шуурхай ажиллах шаардлагатай” гэж хэлсэн байна.

Түүнчлэн тус улсын Гадаад хэргийн сайд Урмас Реинсалу “Оросын эзлэн түрэмгийллийг алдаршуулах зорилготой ийм хөшөө дурсгалууд Эстони улсын нийтийн эзэмшлийн талбайд байх нь зохисгүй” гэж мэдэгдэв.

Т-34 танкнаас гадна Дэлхийн II дайны оршуулгын газрыг татан буулгаж, энгийн булшны тэмдэглэгээгээр солих шийдвэр гаргасан байна. Уг шийдвэр хурцадмал байдал үүсгэж болзошгүйг эрх баригчид хүлээн зөвшөөрчээ.

Эстонийн шийдвэрийн хариуд Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дургүйцлээ илэрхийлжээ. Тэрээр “Түүхийн эсрэг дайн зарлаж, Европ тивийг фашизмаас аварсан хүмүүсийн дурсгалыг устгаж байгаа нь мэдээж хэрээс хэтэрсэн үйлдэл” гэж хэлсэн байна.

Эстони улс мөн Оросын иргэдэд олгосон 50,000 орчим визийг цуцлах шийдвэр гаргаад байна.

Мөн Латви, Литва, Чех улсууд Оросын иргэдэд виз олгохоо үндсэндээ зогсоож, харин Финланд улс визнийхээ хэмжээг 10 хувь хүртэл бууруулжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet