ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын төлөөлөгчид Тайваньд айлчилсны дараа Хятад улс шинэ сургуулилалт зарлалаа

Ням гарагт АНУ-ын Конгрессын төлөөлөгч нар Тайпейд газардсан бөгөөд даваа гарагт Ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй уулзаж, айлчлалаа эхлүүллээ.

Хэд хоногийн өмнө АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус аралд айлчлал хийсэн нь Хятадыг уурлуулж, цэргийн сургуулилалт хийхэд хүргэсэн бол энэ удаад Хятадын засгийн газар мөн л Тайванийг тойрсон цэргийн сургуулилалт зарлажээ.

Хятад улс Тайванийг тойрсон агаарын болон тэнгисийн цэргийн шинэ сургуулилалт зарласны дараа тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин даваа гарагт өдөр тутмын хэвлэлийн бага хурал дээр “Хятад улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд эрс шийдэмгий, хүчтэй арга хэмжээ авна. АНУ-ын цөөн хэдэн улс төрчид Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлагч хүчнийхэнтэй нийлж, нэг-Хятад зарчмыг эсэргүүцэхийг оролдож байна. Гэхдээ энэ нь бүтэлгүйтэх болно” гэж мэдэгдсэн байна.

Харин тус улсын Батлан ​​хамгаалах яам шинээр зарласан сургуулилалтыг “АНУ, Тайванийн хоорондын тохиролцоо, өдөөн хатгалгын эсрэг тууштай хариу арга хэмжээ авч, таслан зогсоох зорилготой” гэж мэдэгджээ.

Тус яам өмнөх сургуулилалтын талаар тодорхой мэдээлэл өгч байсан ч энэ удаагийн сургуулилалтыг хаана, хэзээ явуулах талаар мэдээлэл өгөөгүй. Сургуулилалт эхэлсэн эсэх нь мөн тодорхойгүй байна.

Даваа гарагт Массачусетс мужаас сонгогдсон сенатор Эд Марки тэргүүтэй АНУ-ын хууль тогтоогчид Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн, Гадаад хэргийн сайд Жозеф Ву болон бусад хууль тогтоогч нартай уулзсан гэж Тайвань дахь Америкийн хүрээлэн мэдээлэв. Энэ үеэр талууд чухал ач холбогдолтой өргөн хүрээний асуудлаар санал солилцсон байна.

Конгрессын таван гишүүнтэй төлөөлөгчид мөн засгийн газар болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ. Тайванийн хагас дамжуулагчийн салбарт хөрөнгө оруулалт хийх, Тайванийн хоолой дахь хурцадмал байдлыг бууруулах зэрэг асуудлууд хэлэлцэх асуудлуудын жагсаалтад багтсан байна.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet