ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украины хүчин Оросын “Wagner Group”-ын штабд цохилт өгчээ

Украины хүчин тус улсын зүүн хэсэгт байрлах Оросын “Wagner Group” нэртэй хөлсний цэргийн бүлэглэлийн төв байр руу их буугаар цохилт өгсөн тухай мэдээлжээ.

Попаснад болсон халдлагын талаар Украины Луганск мужийн амбан захирагч Сергей Хайдай болон Кремлийг дэмжигч хэд хэдэн сурвалжлагч мэдээлсэн байна. Амиа алдагсдын тоо тодорхойгүй байгаагаас гадна дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөөгүй байна.

2014 онд Кремлийн дэмжлэгтэй хүчнийхэн Украины цэргүүдийг Крым болон Украины Донбасс мужуудаас хөөн гаргах үедээ тус бүс нутгуудад “Wagner”-ын цэргүүдийг байршуулж байв.

Мөн тус бүлэглэлийн цэргүүдийг Сири, Ливи, Мали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс руу илгээж байсан.

Кремль “Wagner”-ын оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй ч барууны тагнуулынхан тус бүлгийг Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон, “Путиний тогооч” хочит Евгений Пригожинтэй холбон тайлбарладаг юм.

“Wagner”-ыг “PMC” буюу хувийн цэргийн компани гэж нэрлэдэг ч Кремлийн ашиг сонирхолд нийцүүлэн ажилладаг төрийн дэмжлэгтэй хөлсний цэргүүд гэж барууны шинжээчид үздэг. Мөн барууны орнууд тус бүлэглэлийн цэргүүдийг удаа дараа дайны гэмт хэрэг үйлдэж, хүний ​​эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж ирсэн.

Амбан захирагч Хайдай “Telegram” дээр “Оросын сэтгүүлчийн ачаар байршлыг нь тогтоож, дайсны штабд цохилт өглөө. Өчигдөр болсон амжилттай цохилтоор Попасна дахь ‘Wagner PMC’-ын төвийг устгасан” гэж бичжээ.

Кремлийг дэмжигч орос сэтгүүлч Сергей Среда наймдугаар сарын найманд “Telegram” дахь нийтлэлээрээ “Wagner”-ын төв байрыг санамсаргүй байдлаар илчилсэн тухай Украины өдөр тутмын “Украинская правда” сонин мэдээлсэн байна. Среда төв байранд зочилсон зургуудаа нийтэлсэн бол тэдгээрийн нэгэнд нь Попасна, Мироновская 12 гэсэн хаяг бичээстэй байжээ.

Дараа нь тэрээр зургуудаа устгасан ч олон нийтийн сүлжээгээр аль хэдийнээ тарсан байв.

Попасна нь Луганск мужийн Северодонецкийн чанх урд оршдог бөгөөд олон сар ширүүн тулалдаан, асар их сүйрлийн дараа Оросын хүчний бүрэн хяналтад байгаа юм.

Кремлийг дэмжигч өөр нэг сурвалжлагч Котенок “Telegram” дээр “Попасна дахь ‘Wagner’-ийн байршилд цохилт өгсөн. Донбасс дахь эх сурвалжууд үүнийг баталж байна. ‘Himars’ байж магадгүй. Пригожин нас барсан тухай Украины эх сурвалжууд мэдээлж байгаа ч бид үүнийг батлах боломжгүй байна” гэж мэдээлжээ.

Украины парламентын гишүүн Олексий Гончаренко “Facebook” хуудсандаа “Попасна хотод ‘Wagner’-ийн төв байр байхгүй болсон. ‘Himars’ болон Украины зэвсэгт хүчинд талархъя!” гэж бичсэн байна.

Украины зарим хэвлэл долдугаар сарын 29-нд Оленовка шоронд гал гарч, олзлогдсон олон арван украин цэргүүд амь насаа алдсан хэрэгт “Wagner”-ыг холбоотой гэж мэдээлж байна. Харин Оросын тал үүнд Украины цэргүүдийг санаатай халдлага үйлдсэн гэж буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet