ДЭЛХИЙН МЭДЭЭ

Энэтхэг улс 25 жилийн дараа хөгжингүй улс болох зорилт тавьжээ

Өнөөдөр Энэтхэг улсад Британийн колоничлолоос тусгаар тогтносон 75 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ард түмэндээ хандан үг хэлсэн бөгөөд энэ үеэр тэрээр залуучуудыг том зорилго тавьж, улс орныхоо төлөө хамгийн сайнаараа хичээхийг уриалав.

Тэрээр цааш нь “Бид ирэх 25 жилийн хугацаанд Энэтхэгийг хөгжингүй орон болгох ёстой. Энэ бол маш том шийдвэр, бид үүний төлөө бүх хүчээ дайчлан ажиллах ёстой” гэж хэлсэн байна.

Үүний тулд эрчим хүч, батлан ​​хамгаалах, дижитал технологи зэрэг салбарт дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримтална гэдгээ Моди мэдэгдэв.

Дэлхийн банк одоогоор Энэтхэгийг дундаас доош орлоготой гэж ангилдаг бөгөөд үүнд нэг хүнд ноогдох үндэсний нийт орлого нь 1,086-4,255 ам.долларын хооронд хэлбэлздэг улс орнууд багтдаг. Харин АНУ шиг өндөр орлоготой орнуудын нэг хүнд ногдох орлого 13,205 доллар ба түүнээс дээш байдаг байна.

Энэтхэг бол дэлхийн зургаа дахь том эдийн засагтай орон юм. 2023 оны гуравдугаар сард дуусах энэ санхүүгийн жилд эдийн засаг нь долоогоос илүү хувиар өсөх төлөвтэй байгаа нь томоохон эдийн засагтай орнуудын дундаас хамгийн хурдан өсөлт юм.

Одоогийн байдлаар нэг хүнд ноогдох орлого нь 2,100 орчим доллар байгаа нь олон улстай харьцуулахад доогуур үзүүлэлт боловч Энэтхэгийн эдийн засаг 2050 он гэхэд АНУ, Хятадын дараа дэлхийд гуравт орох боломжтой гэж олон шинжээч үзэж байна.

Түүнчлэн 1.4 тэрбум орчим хүн амтай Энэтхэг ирэх онд Хятадыг ардаа орхин дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох төлөвтэй байна.

АНУ зэрэг улс орнууд Энэтхэг улсыг Хятадын ноёрхлын эсрэг ирээдүйн өрсөлдөгч гэж харж байна. Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Энэтхэгт үндэсний баярыг нь тохиолдуулан баяр хүргэхдээ АНУ-Энэтхэгийн харилцааг ирэх жилүүдэд дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллах “чухал холбоотнууд” гэж тодорхойлжээ.

Их Британийн колоничлолын үед Энэтхэгийн бүрэлдэхүүнд багтаж, нэгэн зэрэг тусгаар тогтносон Энэтхэгийн хөрш Пакистан ням гарагт тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet