ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос, Хойд Солонгос улс дайсагнагч хүчний эсрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд “Хоёр улсын хамтын хүчин чармайлтаар хоёр талын иж бүрэн, бүтээлч харилцааг өргөжүүлнэ” гэж уламжилсныг Пхеньяны төрийн хэвлэлүүд даваа гарагт мэдээлэв.

Путин Солонгосын эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Кимд илгээсэн захидалдаа ойр дотно харилцаатай байх нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх бөгөөд Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэж бичсэнийг Хойд Солонгосын “KCNA” агентлаг мэдээлсэн байна.

Ким Путинд хариу захидал илгээхдээ Дэлхийн II дайнд Япон улсыг ялснаар Орос болон Хойд Солонгос улсын найрамдал бэхэжсэн тухай дурджээ. Япон улс нь Солонгосын хойгийг эзэлж байсан түүхтэй.

Мөн Ким захидалдаа “Хоёр орны стратегийн болон тактикийн хамтын ажиллагаа, дэмжлэг, эв нэгдэл шинэ түвшинд хүрсэн нь дайсагнагч цэргийн хүчний заналхийлэл, өдөөн хатгалгыг таслан зогсоох хамтын хүчин чармайлт юм” гэж бичсэн байна. Хойд Солонгос нь дайсагнагч хүчин гэх нэр томьёогоор ихэвчлэн АНУ болон түүний холбоотнуудыг илэрхийлдэг.

Хойд Солонгос өнгөрсөн долдугаар сард Украины зүүн хэсэгт орших Оросын дэмжлэгтэй салан тусгаарласан хоёр “ардын бүгд найрамдах улс”-ыг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрч, Хойд Солонгосоос барилга угсралт болон бусад ажилд туслуулах зорилгоор тус бүс нутаг руу хүн хүч илгээх боломжтой талаар мэдэгдэж байв.

Харин Оросын түрэмгийллийн эсрэг байлдаж буй Украин улс энэ алхамаас болж Пхеньянтай харилцаагаа шууд тасалсан юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet