ДЭЛХИЙН МЭДЭЭ

Швед улс Туркийн талд анх удаа хэрэгтэн шилжүүлэн өгөхийг зөвшөөрөв

Шведийн засгийн газар залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Туркт шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан тухайгаа пүрэв гарагт мэдэгджээ. Энэ нь Турк, Швед улс НАТО-ийн гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөх асуудлаар тохиролцоонд хүрснээс хойш хэрэгтэн шилжүүлэхийг зөвшөөрсөн анхны тохиолдол юм.

НАТО-гийн холбоотон Турк улс Финланд, Швед улсыг нутаг дэвсгэртээ Курдистаны Ажилчны Нам гэх террорист байгууллагын дайчдыг орогнуулж байна гэж буруутган, Скандинавын хоёр улсын эвсэлд нэгдэх хүсэлтийг эсэргүүцэж байсан ч хэдэн долоо хоног үргэлжилсэн ширүүн хэлэлцээрийн дараа өнгөрсөн зургаадугаар сард тавьсан хоригоо цуцалсан.

Хэлэлцээрийн хүрээнд Турк улс шилжүүлэн өгөхийг шаардсан хүмүүсийн жагсаалтыг Шведийн талд хүргүүлсэн ч ахиц дэвшил гарахгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлж байв.

Ийнхүү тохиролцоонд хүрснээс хойш хэдэн сарын дараа Швед улс анх удаагаа Туркийн талд хэрэгтэн шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.

Шведийн Хууль зүйн сайд Морган Йоханссон 30 гаруй настай этгээдийг Туркийн талд хүлээлгэн өгөх гэж байгааг батлаад, “Энэ хүн Туркийн иргэн бөгөөд 2013, 2016 онуудад Турк улсад залилангийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэж мэдэгдэв.

Тэрээр “Улсын дээд шүүх уг асуудлыг ердийн журмаар шалгаж үзээд ялтан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж дүгнэсэн” гэжээ.

Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч тухайн хүнийг Туркийн талаас өгсөн жагсаалтад багтсан эсэхийг тодруулаагүй, мөн энэ талаар нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Шведийн өргөн нэвтрүүлгийн “SVT” суваг энэ талаар анх мэдээлсэн бөгөөд ингэхдээ тухайн этгээдийг Туркт банкны карт ашиглан луйвар хийсэн зэрэг хэд хэдэн хэргээр 14 жилийн хорих ял авсан гэж мэдээлжээ.

Өнгөрсөн жилээс хойш Шведэд хоригдож байгаа энэ хүн өөрийгөө Христийн шашинд шилжсэн, цэргийн алба хаахаас татгалзсан, мөн курд үндэстэн учраас хилс хэрэгт гүтгэгдсэн гэж тайлбарладаг байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet