ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украины атомын цахилгаан станц дахин халдлагад өртөж, НҮБ яаралтай хуралдаан зарлалаа

Украины Запорожье атомын цахилгаан станцыг дахин их буугаар буудсан тухай мэдээлж байгаа бөгөөд Украин, Орос улсууд халдлагад дахин бие биенээ буруутгаж байна. Талуудын хэлж байгаагаар пүрэв гарагт Европын хамгийн том цахилгаан станцын оффисын хэсэг болон галын станцад 10 удаагийн цохилт болсон байна.

Украины зүүн хэсэг дэх тус байгууламж болон түүний ойр орчмын бүс өнгөрсөн долоо хоногт мөн цохилтод өртсөн бөгөөд Орос, Украин улсууд мөн л халдлагад бие биенээ буруутгаж байсан юм.

Оросын зэвсэгт хүчин Украины армийг цөмийн станцад хариу цохилт өгч чадахгүйг мэдэж байгаа тул тус газрыг цэргийн бааз болгож, тэндээс дайралт хийсэн гэж Украин үзэж байна.

Харин Орос уг мэдэгдлийг үгүйсгэдэг.

Пүрэв гарагт Украины цөмийн агентлаг “Энергоатом” гагнуурын талбайн ойролцоох захиргааны оффис цохилтод өртөж, хэд хэдэн цацраг мэдрэгч гэмтсэн, мөн ойролцоох зүлгэн дээр бага зэргийн түймэр гарсан ч хүн бэртэж гэмтээгүй гэж мэдэгдээд, халдлагад Оросыг буруутгав.

“Энергоатом”-ын мэдээлснээр тус үйлдвэрийн ойролцоо байрлах галын станц цохилтын бай болсон байна. Гэхдээ халдлагын дараа станцын ажилтнууд илүү цагаар ажиллаж, нөхцөл байдлыг хяналтандаа авчээ.

Оросын дэмжлэгтэй албаны хүмүүс адилхан мэдэгдэл хийж, харин халдлагад Украиныг буруутгав. Тэд Украины армийг олон пуужин харвах систем, хүнд их буу ашиглаж байна гэж мэдэгджээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр хуралдаж байгаа бөгөөд тус байгууллагын цөмийн хяналтын байгууллагын тэргүүн Рафаэль Гросси Олон улсын атомын энергийн агентлагт станцад шалгалт явуулах зөвшөөрөл өгөхийг талуудаас дахин уриалсан байна.

Үүний зэрэгцээ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтын бүсийг цэрэггүйжүүлэх талаар техникийн түвшинд яаралтай тохиролцох шаардлагатай байна” гэж анхааруулжээ.

Лхагва гарагт аж үйлдвэржсэн “Их 7”-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нар Оросыг цөмийн станцын хяналтыг Киевт нэн даруй буцааж өгөх ёстой гэж мэдэгдэв.

Харин АНУ тус үйлдвэрийн эргэн тойронд цэрэггүй бүс байгуулахыг уриалав. “Цөмийн станцын ойролцоо тулалдах нь аюултай бөгөөд хариуцлагагүй үйлдэл” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Киевт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Орос улс Чернобылийн хямралаас ч том дэлхийн хамгийн аймшигт цөмийн ослыг өдөөж магадгүй” гэж анхааруулаад, ийм төрлийн осол нь цөмийн цохилт өгөхгүйгээр цөмийн зэвсэг ашигласантай адил гэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet