COVID-19

Хойд Солонгосын удирдагч Ковид-19-ийн эсрэг ялалт байгуулснаа зарлажээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэлд ялалт байгуулснаа зарлаж, тавдугаар сард тогтоосон тахал өвчний эсрэг арга хэмжээг цуцлах тушаал өгснийг тус улсын төрийн хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлэв.

Хойд Солонгост хэчнээн вирусийн халдвар батлагдсан нь тодорхойгүй байгаа ч долдугаар сарын 29-өөс хойш шинээр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Цар тахлын эсрэг авах арга хэмжээг цуцлахдаа Ким “дэлхийн эрүүл мэндийн хямрал дуусах хүртэл тахлын эсрэг ган мэт бат бөх хамгаалалт барьж, тахлын эсрэг ажлыг эрчимжүүлэх ёстой” гэж хэлснийг “KCNA” төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар дарангуйлагч Хойд Солонгос тахал өвчнийг нийгмийн хяналтыг чангатгах хэрэгсэл болгон ашиглаж байсан ч цар тахлыг ялсан тухай мэдэгдэл нь ковидын хязгаарлалтаас болж саатсан гадаад худалдааг сэргэх эхлэл болж магадгүй гэв.

Түүнчлэн 2017 оноос хойш анх удаа цөмийн зэвсгийн туршилт хийх боломжийг Хойд Солонгост олгож магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

“KCNA” агентлагийн мэдээлснээр тус улсад албан ёсоор 74 хүн ковидоор нас баржээ.

Хойд Солонгос нь батлагдсан тохиолдлын оронд халуурах шинж тэмдэгтэй хүмүүсийн тоог мэдээлдэг бөгөөд тавдугаар сарын 15-нд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 392,920-д хүрч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд удахгүй болох хямралын талаар сэрэмжлүүлж байв.

Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Хойд Солонгосын мэдэгдэлд эргэлзэж байна. Өнгөрсөн сард тус байгууллага нөхцөл байдал сайжрах биш улам дордсон гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.

Ковидын эсрэг ялалтаа зарласан Хойд Солонгост ямар ч вакцины хөтөлбөр хэрэгжүүлээгүй. Үүний оронд хатуу хөл хорио, дотооддоо бүтээсэн эмийн эмчилгээ, Кимийн тодорхойлсон “Солонгос маягийн социалист систем” тус болсон байна.

Хойд Солонгосын мэдээлснээр улс орон даяар эрчимтэй эрүүл мэндийн үзлэг хийж байгаа бөгөөд өдөр бүр хил орчмын бүс нутгийн уснаас дээж авч ПГУ-ын шинжилгээ хийж байгаа аж. Мөн вирус, түүний хувилбарууд, сармагчин цэцэг зэрэг бусад халдварт өвчнийг илүү үр дүнтэй илрүүлэх шинэ аргуудыг боловсруулж байгаагаа мэдэгдэв.

Кимийн дүү Ким Ё Жон Хойд Солонгосын удирдагчийг өндөр халуурч хүндээр өвдсөн гэж мэдэгдээд, түүнийг “эцсээ хүртэл ард түмнийхээ тухай бодсоор нэг хором ч хэвтээгүй” гэж хичээл зүтгэлийг нь магтжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet