ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадад халуурах шинж тэмдэг бүхий шинэ төрлийн вирус илэрчээ

Судлаачид сүүлийн үед Хятадад бүртгэгдээд буй шинэ төрлийн вирусийг судалж эхэлсэн тухайгаа мэдэгджээ.

Ланья генипавирус (LayV) анх 2018 оны сүүлээр зүүн хойд нутгийн Шаньдун, Хэнань мужуудад илэрч байсан ч өнгөрсөн долоо хоногт эрдэмтэд албан ёсоор баталгаажуулсан байна.

Вирус нь амьтнаас хүнд дамжсан байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд Тайванийн эрүүл мэндийн байгууллага тархалтыг хянаж байгаагаа мэдэгджээ. Эрдэмтэд олон төрлийн зэрлэг амьтдад туршилт хийж, 262 атаахайн дөрөвний нэгээс илүүд нь “LayV” вирусийн РНХ-г илрүүлсэн байна. Энэ нь атаахай гэгч амьтан уг вирусийн эх үүсвэр байж болзошгүй гэсэн үг юм. Мөн туршилтад хамруулсан ямааны хоёр хувь, нохойн таван хувьд уг вирус илэрсэн байна.

Вирусийн талаарх анхны судалгааг өнгөрсөн долоо хоногт Хятад, Сингапур, Австралийн эрдэмтэд “New England Journal of Medicine” (NEJM) сэтгүүлд нийтэлжээ.

Вирус нь халуурах, ядрах, ханиалгах, хоолны дуршил буурах, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэж байгаа ба халдвар авсан бүх хүн халуурч байсан гэж эрдэмтэд мэдэгдэв. Ийм төрлийн шинж тэмдэг илэрсэн 35 хүний ​​26-д нь “LayV” илэрсэн нь уг вирусийг цорын ганц боломжит эмгэг төрөгч гэж үзэх шалтгаан болсон байна.

Одоогоор “LayV”-тэй холбоотой нас баралт бүртгэгдээгүй гэв. Вирусийн судалгаанд оролцсон “Duke-NUS” Анагаах Ухааны Сургуулийн профессор Ван Линфа уг вирусийн өнөөг хүртэл бүртгэгдсэн тохиолдлууд амь насанд аюулгүй бөгөөд ноцтой байгаагүй гэдгийг онцлоод, сандрах шалтгаан байхгүй гэж хэлж байна.

Одоогоор уг вирус хүн хооронд дамжих чадвартай эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Эрдэмтэд “LayV”-ийн геномын дарааллыг тодорхойлоод генипавирус төрлийн вирус болохыг нь тогтоосон бол уг төрлийн Хендра болон Нипа зүйлийн вирусүүд нас баралтын түвшин өндөр байдаг байна.

Уур амьсгалын хямралтай холбоотойгоор амьтнаас хүнд вирус халдварлах тохиолдол нэмэгдэнэ гэж халдварт өвчний мэргэжилтнүүд эртнээс анхааруулсаар ирсэн.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet