ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос улс Ираны “Хайям” хиймэл дагуулыг Украинд тагнуул хийхэд ашиглаж болзошгүй

Орос улс Казахстаны “Байконур” сансрын буудлаас “Союз” пуужингаараа Ираны хиймэл дагуулыг тойрог замд оруулсан. Тэгвэл Москва уг хиймэл дагуулыг ашиглан Украин дахь байлдааны талбарт тандалт хийж магадгүй гэсэн болгоомжлол үүсээд байна.

“Washington Post”-ын эх сурвалжаас эш татан мэдээлснээр Оросын засгийн газар “Хиймэл дагуулыг Украин дахь цэргийн объектуудад тавих хяналтаа сайжруулахын тулд хэдэн сар эсвэл түүнээс ч удаан хугацаанд ашиглахаар төлөвлөсөн” гэдгээ Ираны талд уламжилсан байна.

Харин Ираны сансрын агентлаг хиймэл дагуулыг эхний өдрөөс удирдах бөгөөд “ямар ч гуравдагч орон хиймэл дагуулын мэдээлэлд хандах боломжгүй” гэж мэдэгджээ.

Персийн яруу найрагч, математикч Омар Хайямын нэрээр нэрлэсэн “Хайям” хиймэл дагуулыг Орос бүтээсэн ба Ираны засгийн газарт Израил болон Персийн булангийн эмзэг объектуудыг хянах боломжийг олгох өндөр нарийвчлалтай камерыг хиймэл дагуулд суурилуулжээ.

Барууны олон талт хориг арга хэмжээний дараа Орос улс Африк, Ойрх Дорнод, Азитай худалдаа, дипломат харилцаагаа өргөжүүлэхээр хүчин чармайлт гаргаж байгаа ба энэ хүрээнд хиймэл дагуул хөөргөх чадвартай хүнд даацын “Союз” пуужингаа хамтын ажиллагааны нэг давуу тал болгон ашиглаж байна.

Нөгөөтээгүүр Орос улс банкны хориг арга хэмжээг тойрч гарахаас эхлээд барууны эд ангигүйгээр нисэх онгоцоо хэрхэн ашиглах зэрэгт Ираны туршлагыг судлах сонирхолтой байгаа гэж шинжээчид үзэж байна.

Путин өнгөрсөн долдугаар сард Иранд айлчлах үеэрээ Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеитай уулзсан. Оросын хэвлэлүүд энэ айлчлалыг Кремль Ойрх Дорнодод нөлөөгөө алдаагүй хэвээр байгаагийн дохио гэж тайлбарласан бол Пентагоны хэвлэлийн төлөөлөгч энэхүү айлчлалыг “Путин болон Орос улс хэр зэрэг тусгаарлагдсаныг харууллаа” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet