ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНСУ: Үргэлжилсэн борооны улмаас 2,676 байшин, барилга усанд автжээ

Энэ долоо хоногт Сөүл хот болон төв болон зүүн бүс нутгуудад орсон аадар борооны улмаас нийт 16 хүн нас барж эсвэл сураггүй алга болж, 2,676 байшин, барилга усанд автсан гэж албаныхан лхагва гарагт мэдэгдэв.

Даваа гарагаас лхагва гарагийн өглөө хүртэл Сөүл хотод нийт 525 мм хур тунадас орсон бол Сөүлээс зүүн тийш 45 км-ийн зайд орших Янпён хотод энэ хугацаанд 526.2 мм хур тунадас хуримтлагдсан гэж Солонгосын Цаг уурын алба мэдээлэв.

Сөүл, Кёнги муж, Гангвон мужуудад нийт есөн хүн амиа алдаж, Сөүл, Кёнги мужаас долоон хүн ор сураггүй алга болж, 17 хүн гэмтэж бэртсэн байна.

Сөүлийн бүсийн 398 өрхийн 570 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж орон нутгийн сургууль, биеийн тамирын зааланд хүргэжээ. Харин улсын хэмжээнд 724 өрхийн 1,253 иргэнийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлсэн гэж албаныхан мэдэгдэв.

Гурван өдрийн турш үргэлжилсэн аадар борооны улмаас олон нийтийн байгууламжууд ажиллахгүй болж, Сөүлийн өргөн хүрээний бүсэд төмөр зам усанд автсан зургаан тохиолдол бүртгэгдэж, төмөр зам, метроны шугамын зарим хэсгийг түр хугацаагаар зогсоогоод байв.

Харин лхагва гарагийн өглөө тасалдсан төрийн үйлчилгээний ихэнх хэсэг, Сөүлийн метроны шугамыг дахин нээжээ.

Мөн Сөүлийн чиглэлийн зарим хурдны замын хязгаарлалтыг цуцалсан ч хотыг дайран өнгөрдөг Олимп, Ганбён хойд хурдны замууд хаалттай хэвээр байна.

Цаг уурын алба лхагва гарагийн эхээр Сөүлийн өргөн хүрээний нутаг дэвсгэр болон Сөүлээс баруун зүгт орших Инчон хотод аадар борооны сэрэмжлүүлгийг цуцалжээ.

Харин төвийн бүсийн Чунчон мужид хур тунадас 50-80 мм/цаг хүрч болзошгүйг анхааруулсан байна.

Эх сурвалж: Yonhap

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet