ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятад улс арал руу түрэмгийлэх зорилгоор цэргийн сургуулилалт хийж байна гэж Тайванийн Гадаад хэргийн сайд мэдэгдэв

Мягмар гарагт Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву Тайпэй хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улсын арлын ойролцоо хийж байгаа цэргийн сургуулилалтыг түрэмгийлэлд бэлтгэх зорилготой стратегийн тоглолт гэж мэдэгдэв.

Гэхдээ тэрээр хэзээ Хятад улс Тайваньд халдан довтолж болзошгүй талаар мэдээлэл өгөөгүй байна.

Ву нь “Хятад улс Тайван руу довтлох стратегийнхаа хүрээнд, бэлтгэл болгож энэхүү сургуулилалтыг хийж байна” гэж хэлсэн байна.

Тэрээр цааш нь “Хятад улс том хэмжээний цэргийн сургуулилалт хийж, пуужин харваж, түүнчлэн Тайванийн ард түмний зоригийг мохоохын тулд кибер халдлага үйлдэж, худал мэдээлэл цацаж, эдийн засгийн дарамт үзүүлж байна. Гэхдээ Тайвань айхгүй” гэж хэлжээ.

Мөн “Сургуулилалт дууссаны дараа Хятад улс Тайванийн урт хугацааны статус-кво-г нураахын тулд арга хэмжээгээ тогтмол зохион байгуулж магадгүй” гэж мэдэгдэв.

Ийм алхмууд нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэх бөгөөд Хятадын геостратегийн амбицын талаар тодорхой дүр зургийг бий болгох болно гэж хэлээд, Тайванийн хоолойд хяналтаа тогтоох Хятадын хүчин чармайлтын эсрэг олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэхийг уриалсан байна.

Харин Пентагоны албаны хүн Хятад улс ойрын хоёр жилийн хугацаанд Тайванийг эзлэн түрэмгийлэх оролдлого хийхгүй гэж Вашингтон үзэж байгааг даваа гарагт мэдэгдсэн.

Баллистик пуужин хөөргөх, тэнгис, агаарын довтолгоо зэргийг багтаасан Тайванийг тойрсон дөрвөн өдрийн сургуулилалт ням гарагт дуусах ёстой байсан ч Хятадын зүүн бүсийн командлал даваа гарагт шумбагч онгоц болон далайн довтолгооноос хамгаалах шинэ хамтарсан сургуулилалт хийхээ зарласан.

Тайвань улс мөн мягмар гарагт өөрийн төлөвлөгөөт сургуулилалтаа эхлүүлж, өмнөд хэсгийн Пинтунг мужид гаубицаар далайн ус руу гал нээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet