ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын эмч нар халдварт саа өвчний талаар анхааруулж байна

Нью-Йорк мужийн эрүүл мэндийн ажилтан тус мужид хараахан оношлогдоогүй олон зуун, бүр мянга мянган халдварт саа (полиомиелит) өвчний тохиолдол байж магадгүй талаар анхааруулжээ.

Өнгөрсөн сард Нью-Йоркийн Рокландад вакцин хийлгээгүй насанд хүрсэн хүн вирусийн улмаас саажилттай болсон тухай мужийн эрүүл мэндийн алба мэдээлж байв.

Рокланд дүүргийн эрүүл мэндийн комиссар, доктор Патрисия Шнабель Рупперт “Халдварт саа өвчний ганц тохиолдол гэж хэзээ ч байдаггүй. Саажилт үүсгэдэг полиомиелит нийт тохиолдлын нэг хүрэхгүй хувийг эзэлдэг” гэж мэдэгдэв.

Тэрээр “Ихэнх тохиолдол нь шинж тэмдэггүй эсвэл бага зэргийн шинж тэмдэгтэй байдаг бөгөөд эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн анзааралгүй орхигддог. Тиймээс саажилт үүсгэдэг тохиолдол бүртгэгдсэн гэдэг нь хэдэн зуун, магадгүй мянга мянган тохиолдол гарсан гэсэн үг” гэж анхааруулжээ.

Нью-Йоркийн өвчтөнд илэрсэн вирусийн геномын дараалал Лондон, Иерусалим хотуудын бохир уснаас олдсон полиомиелитийн вирустэй генетикийн хувьд таарч байгааг илрүүлсний дараа эрдэмтэд эдгээр тохиолдлуудын хоорондын холбоог судалж байгааг доктор Рупперт баталсан байна.

Тэрээр “Энэ бол манай дэлхийн хувьд маш ноцтой асуудал бөгөөд энэ нь зөвхөн Нью-Йоркийн тухай биш юм. Улс орнууд бүх хүн амаа зохих ёсоор вакцинжуулж байгаа эсэхээ шалгах хэрэгтэй” гэж хэлэв.

Вирусийн улмаас саажилттай болсон АНУ-ын иргэн “вакцинаас гаралтай” полиомиелит өвчнөөр өвчилсөн байна. Зарим улс орнууд вирусийн сулруулсан хэлбэрийг ашиглаж бүтээсэн вакциныг вакцинжуулалтдаа хэрэглэдэг бөгөөд ховор тохиолдолд энэ нь мутацид орж, дараа нь вакцин хийлгээгүй бусад хүмүүст халдварладаг.

Өөрөөр хэлбэл, полиомиелит өвчин төдийлөн бүртгэгддэггүй боловч вакцинжуулалт багатай орнуудад гадаадаас өвчин зөөвөрлөгдөж орж ирэх магадлалтай гэсэн үг юм.

Хэдийгээр өвчний анхны хэлбэрээс сул боловч вакцинаас гаралтай полиомиелит нь ноцтой өвчлөл үүсгэдэг. Вирус нь нуруу, тархины суурийн мэдрэлд халддаг. Ихэвчлэн хөлний саажилт үүсгэж болох ч амьсгалын булчингууд өртсөн тохиолдолд амь насанд аюултай.

Их Британид бохир усны тандалт хийх явцад бохирын байгууламжаас хэдэн долоо хоногийн турш полиомиелит вирусийн ул мөр олдсоны дараа нэмэлт шинжилгээ хийж байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй гаргах төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet