ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ Украинд дахин нэг тэрбум долларын пуужин болон бусад зэвсэг нийлүүлэхээ мэдэгдлээ

Байдены засаг захиргаа Украин руу хамгийн том, шууд зэвсгийн нийлүүлэлтийг хийж байгаагаа даваа гарагт мэдэгдэв. Энэ хүрээнд Батлан ​​хамгаалах яамны нөөцөөс нэг тэрбум долларын пуужин, сум болон бусад материалыг илгээжээ.

Украины зэвсэгт хүчин тус улсын өмнөд хэсэгт Оросын эсрэг шийдвэрлэх сөрөг довтолгоонд бэлтгэж байгаа энэ үед АНУ-ын шинэ зэвсгийн тээвэрлэлт нь улам хүчирхэгжүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

Батлан ​​хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн орлогч Колин Кал даваа гарагт шинэ зэвсгийн тээвэрлэлтийг зарлахдаа “Мөргөлдөөний үе шат бүрт бид байлдааны талбар дахь нөхцөл байдлаас шалтгаалан Украиныг хэрэгтэй зүйлээр нь хангахад анхаарч ирсэн” гэж мэдэгджээ.

АНУ-ын шинэ тусламжид өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем буюу “Himars”-д зориулсан нэмэлт пуужин, 75,000 ширхэг их бууны 155 мм-ийн сум, 20 миномётийн систем болон 20,000 сум, мөрөнд суурилуулдаг 1,000 жавелин пуужин, бусад зэвсэг, тэсрэх бодис, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл багтсан байна.

АНУ Украинд 16 ширхэг “Himars” нийлүүлээд байгаа, гэхдээ Калын хэлснээр шинэ багцад уг систем багтаагүй байна.

Шинэ багцыг оролцуулаад Байдены засаг захиргаанаас Украинд үзүүлсэн АНУ-ын аюулгүй байдлын тусламжийн нийт хэмжээ есөн тэрбум долларыг давжээ.

Өнөөг хүртэл зарласан АНУ-ын хамгийн том аюулгүй байдлын тусламжийн багц зургадугаар сарын 15-ны нэг тэрбум долларын тусламж байсан. Гэвч энэ тусламжид ерөнхийлөгчийн мэдлийн 350 сая доллар, мөн бусад улс орон эсвэл компаниудаас сургалт, тоног төхөөрөмж, аюулгүй байдлын бусад хэрэгсэл худалдан авахад зориулан 650 сая долларыг Украины аюулгүй байдалд туслах санаачилгаас бүрдүүлж байв.

Харин даваа гарагт илгээсэн багцад багтсан зэвсгийн систем болон бусад хэрэгслийг АНУ-ын Батлан ​​​​хамгаалах яамны нөөцөөс гаргах тул Украинд илүү хурдан хүргэх боломжтой.

Шинэ багцын санхүүжилтийг өнгөрсөн тавдугаар сард Конгрессоос баталсан Украинд үзүүлэх эдийн засаг, аюулгүй байдлын 40 тэрбум долларын тусламжаас гаргаж байгаа аж.

Түүнчлэн даваа гарагт Сангийн яам Украинд эдийн засгийн шууд тусламж болгон гурван тэрбум ам.доллар нэмж илгээж байгаагаа мэдэгдэв. Энэ нь өмнө нь батлагдсан 7.5 тэрбум долларын эдийн засгийн тусламжийн нэг хэсэг байна.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet