УКРАИН

Цөмийн станцад гарсан халдлагад Орос, Украины талууд бие биенээ буруутгаж байна

Амралтын өдрүүдээр Украины Запорожье цөмийн цогцолборт цохилт өгсөн явдалд Орос, Украины талууд бие биенээ буруутгаж байгаа бол олон улсын зүгээс тус станцыг хяналтандаа авахын төлөөх тэмцэл нь цөмийн гамшигт хүргэж болзошгүй гэж түгшиж байна.

Оросын түрэмгийлэгчид өнгөрсөн гуравдугаар сард Украины өмнөд хэсгийн Запорожье хотын харьяалагддаг мужийг эзлэн авсан, цөмийн станцын талбайд цохилт өгөх үед реакторууд нь гэмтээгүй. Херсон хотыг багтаасан тус газар одоо Украины сөрөг довтолгооны бай болоод байна.

Украины талаас цогцолборын эргэн тойрон дахь бүс нутгийг цэрэггүй болгож, НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийг оруулахыг уриалав. Харин Орос улс ОУАЭА-ийн айлчлалыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Украиныг станцад цохилт өгч “Европыг барьцаалах” оролдлого хийсэн гэж буруутгаж байна.

Украины талаас цогцолборын эргэн тойронд амралтын өдрүүдэд болсон халдлагуудад Оросыг буруутган, цацрагийн гурван мэдрэгч гэмтэж, станцын хоёр ажилтан бэртсэн тухай мэдээлсэн.

Даваа гарагийн байдлаар станц ажилласан хэвээр байгааг Украины цөмийн эрчим хүчний “Энергоатом” компанийн тэргүүн Петро Котин мэдэгдэв. Түүний хэлснээр Оросын 500 цэрэг, мөн танк, ачааны машин, хуягт явган цэргийн машин зэрэг 50 хүнд машин техник тус ​​станцын талбайд байгаа. Харин үйлдвэрт ажилладаг украин хүмүүс хоргодох газаргүй болсон байна.

Котин энхийг сахиулагчдыг Запорожье станцад хяналтаа тогтоохыг уриалж, өндөр цацраг идэвхт ашигласан цөмийн түлшний зургаан чингэлэгт их бууны сум тусах эрсдэлтэй байгааг анхааруулав. Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “цөмийн гамшгийн аюулыг бий болгосон” тул Оросын цөмийн салбарт шинэ хориг арга хэмжээ авахыг барууны орнуудад уриалжээ.

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш өнгөрсөн бямба гарагт Японд болсон дэлхийн анхны атомын бөмбөгдөлтийн 77 жилийн ойг тохиолдуулан Хирошимагийн энх тайвны дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох үеэрээ хэвлэлийн бага хурал дээр “Цөмийн станцад халдсан аливаа халдлага нь мөхлийн хөнөөлтэй юм” гэж тодорхойлсон байна.

Мөн НҮБ-ын цөмийн байцаагчдыг Европын хамгийн том цогцолбор болох Запорожьед нэвтрэх эрх олгохыг шаардсан байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet