ДЭЛХИЙН МЭДЭЭ

Туркийн таван банк Оросын төлбөрийн системийг нэвтрүүлсэн нь хориг арга хэмжээнээс зайлсхийх оролдлого гэж барууныхан үзэж байна

Өнгөрсөн баасан гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар Хар тэнгисийн Сочи хотод уулзсан.

Уг уулзалтын дараа Эрдоган “Бид рублийг хоёр талын худалдаанд ашиглаж эхлэх талаар тохиролцож, арилжаа хийх гэж байгаа учраас хоёр орны хувьд орлогын эх үүсвэр болох нь гарцаагүй… Энэ асуудалд томоохон алхмууд хийгдэж байгаа нь Орос жуулчдын оршин суух нөхцөлийг сайжруулах юм. Жуулчид худалдан авалт хийж, зочид буудлын төлбөрөө төлөх боломжтой болно. Айлчлалын үеэр манай улсын төв банкны ерөнхийлөгч нар хэлэлцээр хийсэн” гэж мэдэгдсэн болохыг Туркийн “Anadolu” агентлаг бямба гарагт мэдээлжээ.

Уулзалтын үр дүнд Туркийн таван банк Оросын “Мир” төлбөрийн системийг ашиглаж эхэлсэн ба “Mastercard” болон “Visa” Орос дахь үйл ажиллагаагаа зогсоосон энэ үед Оросын жуулчид төлбөр тооцоогоо “Мир” картаар хийх боломжтой болж байгаа юм.

Энэ нь Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс зайлсхийх оролдлого байж болзошгүй гэж барууны албаны хүмүүс үзэж байна.

Мөн Турк улс Оросын байгалийн хийн төлбөрийн зарим хэсгийг рублиэр төлөхийг зөвшөөрсөн тухай Эрдоган уулзалтын дараа мэдэгджээ.

Хоёр орны удирдагч нар Иранд уулзсанаас хойш гурван долоо хоногийн дараа Сочид дахин уулзсан нь энэ бөгөөд Турк-Орос хоорондын харилцаа улам гүнзгийрч байгаа нь барууны орнуудыг түгшээж байна. Зарим улс орнууд Туркийн компаниудад өгөх санхүүжилтийг багасгах зэргээр тус улсын эсрэг арга хэмжээ авах талаар албан бус хэлэлцээр хийж эхэлсэн тухай “Financial Times” мэдээлжээ.

Туркийн засгийн газар Оросын Украин дахь түрэмгийллийг буруушаасан хэдий ч худалдааны гол түншүүдийн нэг болох Оросын эсрэг хориг тавиагүй, мөн агаарын хилээ хаагаагүй юм.

Турк бол Оросын жуулчдын хамгийн их очдог улсуудын нэг бөгөөд “Nikkei”-ийн мэдээллээр 2019 онд Турк улс нь Оросоос долоон сая жуулчин хүлээн авч байжээ.

Эх сурвалж: Insider

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet