ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Baidu” компани Хятадын анхны аюулгүй байдлын жолоочгүй робот таксины зөвшөөрлийг авчээ

Хятадын хайлтын системийн аварга “Baidu Inc” хоёр хотын задгай замд бүрэн жолоочгүй робот такси ажиллуулах зөвшөөрөл авсан тухайгаа даваа гарагт мэдэгдлээ. Энэ нь тус улсад ийм төрлийн зөвшөөрөл авсан анхны тохиолдол юм.

Баруун өмнөд нутгийн Чунчин хотын захиргаа болон төвийн Ухань хотын захиргаанаас олгосон зөвшөөрлийн дагуу арилжааны робот такси нь аюулгүй байдлын жолоочгүйгээр олон нийтэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна. Зөвшөөрлүүд нь даваа гарагаас хүчин төгөлдөр болжээ.

“Baidu”-ийн “Intelligent Driving Group”-ын аюулгүй ажиллагааны ахлах ажилтан Вэй Донг “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Эдгээр зөвшөөрөл нь салбарын хувьд гүн гүнзгий ач холбогдолтой юм. Хэрэв бид сансар огторгуйг судлах тухай бодох юм бол энэ мөч саран дээр буухтай тэнцэнэ” гэж хэлжээ.

Эхний ээлжинд “Baidu” хот бүрт таван төрлийн төлбөртэй робот такси байрлуулах бөгөөд таксинууд Ухань хотод 09.00-17.00 цаг хүртэл, Чунчин хотод 9:30-16:30 хүртэл тогтсон байршлуудад ажиллана гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.

Үйлчилгээний хүрээ нь Чунчин хотын Юнчуан дүүрэгт 30 кв.км, Ухань хотын эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд 13 кв.км талбайг хамрах гэнэ.

Дөрөвдүгээр сард “Baidu”-ийн “Apollo” болон “Toyota Motor Corp”-ийн дэмжлэгтэй “Pony.ai” компани Бээжинд 60 кв.км талбайд нээлттэй зам дээр жолоочийн суудалд аюулгүй байдлын жолоочгүй робот таксигаар үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан гэж мэдэгдэж байв. Гэхдээ зорчигчийн суудалд аюулгүй байдлын жолооч байх шаардлагатай байна. Уг зөвшөөрлийн дагуу робот таксины үйлчилгээ аль хэдийнээ эхэлжээ.

Одоогоор “Baidu” нэг жилийн дотор жолоочгүй робот такси турших тусгай зөвшөөрлийг баталгаажуулах талаар Бээжин, Шанхай, Шэньжэнь зэрэг хотуудын орон нутгийн засаг захиргаатай хэлэлцээр хийж байгаа тухай Вэй мэдэгдэв.

Робот такси үйлчилгээ болох “Apollo Go” нь 2020 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Хятадын 10 хотод нэг сая гаруй удаа үйлчилгээ үзүүлсэн бөгөөд компанийн мэдээлснээр энэ хугацаанд үйлчилгээнд нь ямар нэгэн асуудал гаргаагүй байна.

АНУ-д “Alphabet”-ын “Waymo” болон “General Motors”-ын охин компани “Cruise” нэгдүгээр сард Калифорнийн нийтийн аж ахуйн хорооноос Сан-Францискогийн зарим гудамжаар оройн 22 цагаас өглөөний зургаан цаг хүртэл автомат жолоодлоготой таксины үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч байв.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet