ДЭЛХИЙН МЭДЭЭ

Чилид үүссэн нууцлаг нүхний хэмжээ Францын Ялалтын хаалгыг залгихаар том болжээ

Чилид үүссэн нүхний хэмжээ хоёр дахин томорч, Францын “Arc de Triomphe” (Ялалтын хаалга)-ыг залгихаар болсон байна. Үүний улмаас холбогдох албаны хүмүүс ойролцоох зэсийн уурхайн ажлыг зогсоохыг үүрэг болгожээ.

Долдугаар сарын 30-нд үүссэн уг нүхний диаметр одоо 50 метр, гүн нь 200 метр болсон байна. Энэ нь мөн Сиэтлийн “Space Needle” (Сансрын зүү) болон Бразилын “Christ the Redeemer” (Аврагч Христ)-ийн зургаан хөшөө дотор нь багтахаар хэмжээ юм.

Сантьяго хотоос хойд зүгт 665 км зайд орших Канадын “Lundin Mining” компанийн “Alcaparrosa” уурхайн ойролцоох нүхийг шалгах ажил үргэлжилсээр байгаа гэж Геологи, уул уурхайн үндэсний алба бямба гарагийн орой мэдэгдсэн байна.

“Lundin Mining” компани өнгөрсөн долоо хоногт уг нүх нь ажилчид болон ойролцоох оршин суугчдад нөлөөлөөгүй бөгөөд шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэж мэдэгдсэнээс хойш мэдэгдэл хийгээгүй байна.

Уг уурхайн 80 хувийг “Lundin Mining” эзэмшдэг бол үлдсэн хэсэг нь Японы “Sumitomo” корпорацын мэдэлд байдаг.

Эхэндээ Тиерра Амарилла хотын ойролцоох нүх 25 метр хэмжээтэй, ёроолд нь ус харагдаж байв.

Геологи, уул уурхайн албаны мэдээлснээр уурхайд ус соруулах насос суурилуулсан бөгөөд ойрын хэдэн хоногт гүний уурхайд хэт олборлолт хийсэн эсэхийг шалгах болно гэжээ.

Орон нутгийн албаныхан “Alcaparrosa” уурхайн газар доорх хэсэгт үерт автаж, ойр орчмын газрыг тогтворгүй болгосон байж болзошгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet