COVID-19

Ковидын хөл хорионы улмаас Хятадын Саньяа хотод 80,000 гаруй жуулчин түгжигджээ

Коронавирусийн дэгдэлтийн улмаас 80,000 гаруй жуулчин Хятадын Саньяа хотод гацсан байна. Хятадын “Хавай” гэгддэг Хайнань арлын өмнөд хэсэгт байрлах Саньяа хотод Ковид-19-ийн 263 эерэг тохиолдол бүртгэгдсэний дараа бямба гарагт эрх баригчид хотын бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалжээ.

Аялагчид хотоос явахын тулд “PCR”-ын шинжилгээ өгөх ёстой бөгөөд долоо хоногийн хугацаанд таван удаа сөрөг хариу гарсан тохиолдолд явах эрх нь нээгдэх юм.

Эрх баригчид хязгаарлалт цуцлагдах хүртэл 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шаардлагыг зочид буудлуудад хүргүүлнэ гэж мэдэгдсэн байна. Саньяа хотын хувьд аялал жуулчлалын оргил үе тохиож байгаа боловч үзвэр үйлчилгээний газрууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн хаагджээ. Зөвхөн супермаркет, эмийн сан зэрэг зайлшгүй шаардлагатай газрууд нээлттэй хэвээр байгаа тухай AFP агентлаг мэдээллээ.

Дэлхий даяар олон улсууд ковидын хязгаарлалтын дүрмээ сулруулаад байгаа ч Хятад улс “Тэг Ковид” бодлогыг баримталсан хэвээр байгаа юм.

Өнгөрсөн сард Ковид-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн Хятадын төв хэсэгт орших Ухань хотод шинж тэмдэггүй дөрвөн тохиолдол батлагдсаны дараа хотын захын дүүрэгт нэг сая орчим хүн хөл хорионд орсон.

Харин 25 сая хүн амьдардаг Шанхай хотод тогтоосон хөл хорио дуулиан шуугиантайгаар хоёр сар үргэлжилсний эцэст зургадугаар сард цуцлагдсан.

“Johns Hopkins”-ийн их сургуулийн мэдээлснээр тахал эхэлснээс хойш тус улсад 15,000 хүрэхгүй нас баралт бүртгэгдсэн нь бусад өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулахад бага тоо юм. Гэсэн хэдий ч олон нийтийг хамарсан шинжилгээ, орон нутгийн хөл хорио зэрэг хатуу дүрэм нь эдийн засагт ноцтой хохирол учруулаад байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet