ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос АНУ-тай хоригдол солилцох асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ

Оросын шүүх сагсан бөмбөгийн од Бритни Гринерт есөн жилийн хорих ял оноосны дараа баасан гарагт Орос улс АНУ-тай дипломат шугамаар хоригдол солилцох асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар энэ асуудлыг ямар дипломат сувгаар хэлэлцэх талаар өмнө нь тохиролцсон гэв.

Лавров Камбожид айлчлах үеэрээ “Бид энэ сэдвийг хэлэлцэхэд бэлэн, гэхдээ Ерөнхийлөгч Путин, Байден нарын тохиролцсон сувгийн хүрээнд” гэж мэдэгджээ.

Өчигдөр Оросын шүүх сагсан бөмбөгийн од Бритни Гринерт хар тамхины хэргээр есөн жилийн хорих ял оноосон. Өмнө нь Байден Гринерт тулгасан ялыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж байсан бөгөөд Гринерийг АНУ-д 25 жилийн хорих ял эдэлж буй Оросын зэвсгийн наймаачнаар солилцож магадгүй талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлсэн юм.

Мөн хоригдол солилцох хэлэлцээрт Орост хоригдож буй тэнгисийн цэрэг асан Пол Уиланы нэр дурдагдаж байв.

АНУ-ын засгийн газраас Оросын талд хоригдол солилцох санал тавьсныг Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен баталсан ч тэрээр АНУ-ын саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Харин энэ талаар сайн мэддэг эх сурвалж Орос улс аллагын хэргээр Германд хоригдож буй Вадим Красиковыг солилцоонд оруулахыг оролдсон талаар “Reuters” агентлагт ярьжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet