БАЙГАЛЬ ОРЧИН

Иракт агаарын хэм Цельсийн 50 хэмийг давж, улмаар төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоожээ

Пүрэв гарагт Иракийн олон бүс нутагт агаарын хэм Цельсийн 50 хэмийг давж, дэлхийн хамгийн халуун газруудын жагсаалтыг тус улсын хэд хэдэн хот тэргүүлсэн байна.

Үүний улмаас дор хаяж 10 мужид төрийн албан хаагчдыг амраасан тухай орон нутгийн “Kurdistan24” мэдээлжээ. Тус улсад долдугаар сарын дунд үеэс хойш хэт халалт мэдрэгдэж эхэлсэн ба цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Ирак нь дэлхий дээрх хамгийн халуун газруудын нэг бөгөөд энд шатам халуун цаг агаар ер бусын зүйлд тооцогддоггүй. Гэвч нөхцөл байдал улам дордож байгааг оршин суугчид хэлж байна.

Агаарын хэм нь ихэнхдээ өндөр байдаг өмнөд хэсгийн Басра боомтод төрийн албан хаагчдыг дөрөв хоног амраахаар болсон байна.

Хэдийгээр олон хүн ажилдаа явах шаардлагагүй болсон ч цахилгаан эрчим хүчний тогтмол хязгаарлалтаас болж ихэнх тохиолдолд агааржуулагчийг ашиглах боломжгүй байдаг. Иймд хүмүүс гэртээ ч хэт халалтын нөлөөлөлд өртөх болно гэж орон нутгийн иргэд хэлж байна.

Мөн энэ жил ажил үйлчилгээнүүдийг зогсооход хүргэсэн хүчтэй шороон шуурганы давтамж тус бүс нутагт нэмэгджээ. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс болж халалт улам бүр нэмэгдэж, улам хүчтэй болж, удаан үргэлжилж байна.

Аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш дэлхийн агаарын хэм аль хэдийн Цельсийн 1.1 хэмээр дулаарсан бөгөөд дэлхий даяар хорт хийн ялгарлыг эрс бууруулахгүй бол агаарын температур цаашид ч өссөөр байх юм.

НҮБ-аас Иракийг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй Ойрх Дорнодын орнуудын нэгээр нэрлэжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet