ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй холбоотойгоор нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлажээ

АНУ-ын засгийн газар сармагчны цэцэг өвчний тархалт ихсэж байгаатай холбоотойгоор нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлалаа. Энэхүү шийдвэр нь вирусийн тархалтыг зогсоох хүчин чармайлтыг нэмэгдүүлж, вакцинжуулалт, эмчилгээ, холбооны нөөцийн хуваарилалтыг хурдасгах юм.

Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мөн дэлхий даяар бүртгэгдсэн тохиолдлын өсөлтийг харгалзан эрүүл мэндийн онц байдлын хамгийн өндөр түвшнийг зарласан.

Эрүүл мэндийн албаны мэдээлснээр АНУ-д тохиолдлын тоо 6,600-г давсан байна.

Эдгээр тохиолдлын дөрөвний нэг нь өнгөрсөн долоо хоногт өвчний улмаас онц байдал зарласан Нью-Йорк мужид бүртгэгджээ. Калифорни, Иллинойс мужууд араас нь бичигдэх бөгөөд эдгээр мужууд энэ долоо хоногийн эхээр онц байдал зарласан.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн мэдээлснээр энэ онд дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 26,000 гаруй тохиолдол батлагдаад байна.

Хэдийгээр хэн ч сармагчны цэцэг өвчнөөр өвчлөх боломжтой ч эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд гол төлөв халдвар тархаж байгаа энэ үед онц байдал зарлах нь өвчний талаар буруу ойлголтыг нийгэмд өгөх эрсдэлтэй гэж нийгмийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Энэ өвчин нь зөвхөн бэлгийн замаар бус, халдвартай хүнтэй ойр харьцах, хүрэлцэх замаар дамжих боломжтой. Вирус нь ихэвчлэн тууралт үүсгэдэг бөгөөд энэ нь маш ихээр загатнах, өвдөх, биеэр тархах, түүнчлэн бусад хүндрэлүүд үүсгэдэг.

Халдвар нь ихэвчлэн хөнгөн илэрдэг бөгөөд насанд хүрсэн өвчтөн эмчилгээ хийлгээгүй, эмнэлэгт хэвтээгүй тохиолдолд өөрөө эдгэрдэг боловч ДЭМБ-аас бага насны хүүхдүүдийн дунд уг өвчний нас баралтын түвшин өндөр байдгийг анхааруулжээ.

АНУ болон бусад орны албаны хүмүүс вируст өртөх хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүс, тэр дундаа гей, бисексуал эрчүүд, түүнчлэн эрүүл мэндийн салбарын зарим ажилчдад нэн тэргүүнд вакцин хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet